Шууд Chart

Нэгэндээ гай болохгүй амьдрах л хамгийн чухал

2019-09-18 11:23:44

Эрхэм уншигч танд Монголын үг урлаачдын нийгэмлэгийн лектор, сэтгэл судлаач, соёлын тэргүүний ажилтан Г.Бандицэрэн(Чила)-гийн “урласан үгс”-ээс хүргэж байна.

- Алдана гэдэг зүгээр суухаас хамаагүй амьд зүйл -

Уйлах гэмгүй ээ. Нулимс их гардаг ч зовлон ширгэдэг юм”.

 

“Амьдралд чинь донтогч байгаа бол тэрний болоод өөрийнхөө төлөө холдох хэрэгтэй болдог. Заримдаа энэ маш хэцүү. Яагаад гэвэл тэр дотны хүн эсвэл дассан хүн чинь байдаг. Гэхдээ хэрэгтэй үед бүх зүйл төгсөж болдог. Яаг өгүүлбэр төгсдөг шиг. Зарим хүмүүс хайрлаж байгаа нэртэй аюулд оруулж байдаг”.

“Бидэнд өөрөө үүрэх ачаа гэж байдаг шүү дээ. Өөрийнхөө ачааг хүн бүр өөрөө л үүрээд сурчих юм бол хүмүүс зөрчилдөж, гомдох нь бага болно. Гэтэл эрүүл саруул, оюун ухаан эрүүл дөрвөн мөч нь бүтэн байж бусдад хамаг ачаагаа үүрүүлж байдаг хүмүүс байх юм. Энэ шударга гэж үү. Бусдын ачааг үүрэлцэж яваа хүнд өөрт нь бас амьдрал хүсэл мөрөөдөл байгаа шүү дээ. Нэгэндээ гай болохгүй амьдрах л хамгийн чухал. Нэг удаа тус авч болох юм. Харин хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг хүнд ахин дахин ачаа үүрүүлж болохгүй. Энэ шударга биш байна”.

 

“Чамайг үзэн ядагч хэдэн арав байж болох юм. Тэд чамайг гэм хийсэн хийгээгүй буруутгаж огт танихгүй байж үзэн ядаж байж болох юм. Энэ үед чи сэтгэлээр унаж өрөөндөө нуугдаж суухын оронд өөрийгөө хүндэтгэж хайрлах хүмүүсийн эгнээг хэдэн зуу болгож тэл. Хэн нэгэнд чадах зүйлээрээ тусалж, хүнийг хүндэтгэж, аз жаргал өгч байхад нөхөр олширч дайсагнал цөөрөх нь тодорхой.Бууж өгөх дургүй бас даван туулж, тэмцэх чадвартай хүмүүс л газар цуурч байсан ч ганган инээмсэглэж, тэнгэр нурах гэж байсан ч гутлаа тослох тэнхээтэйгээ байдаг. Асуудал ирэх үед айж шантрах биш гарах гарц хайх нь сэтгэлийн хүч тэнхээ”.

 

“Хайр сэтгэл гэдэг зүйл нэг л алдсан бол буцаах аргагүй байдаг. Бүтээгүй хайранд өс санаж гомдоно гэдэг зөв зүйл биш. Хэн нэгэн чамайг хайрлаж чадаагүй гэдэг нь нүгэл биш. Хүн сэтгэлээ юугаар дүүргэнэ, тэр зүйл нь л сэтгэлд дүүрдэг. Заримдаа бүх зүйлд хүсэл буруутай. Эвлэрэхгүй зүйлийг эвлүүлэх гэж оролдох нь улам их зовлонд хүнийг унагаж цаг хугацааг сордог ч байж болох юм”.

 

“Заримдаа өөрийгөө үзэн ядах үе байдаг л юм. Гэхдээ дараа нь өөрийгөө хайрлах хэрэгтэй. Чи дандаа зөв шийдвэр гаргадаггүй ч гэлээ, зөвийг нь хайж байгаад алдах үе байна. Энэ албаар хийсэн алдаа биш. Албаар гэдэг бол мэдсээр байж айж хулчийх, мэдэрсээр байж залхуурч суухыг л хэлдэг. Алдана гэдэг бол зөв зүгээр суухаас хамаагүй амьд зүйл шүү дээ. Битгий ай болж таарна”.

 

“Санаж яв. Чамайг хичнээн зөв зүйл хийж, яаж ч зөв сайн явж, чадах чинээгээрээ бусдад тусалж, бүр төгс гэгээрчихсэн байсан ч гэсэн хэн нэгэн чамайг үгүйсгэнэ. Бас огт танихгүй байж буруутгана. Ийм зүйлд эмзэглэх хэрэг байдаггүй юм даа. Хүн болгонд таалагдах гэдэг хамгийн тэнэг мөрөөдөл. Бас өөлж, гоочилж л байж амьдрал нь утгатай юм шиг санагддаг тиймхэн хувь заяатай хүмүүс байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй.Өөрийнх нь амьдрал үнс болчихсон хүн л бусдын амьдралыг нурам болоосой гэж зүхэж суудаг юм. Өрөвдөлтэй байгаа биз. Огт тоолгүй орхиод өнгөрөө”.

 

“Хавханд орсон туулай шиг амьдрах маш хэцүү. Хүн заримдаа эрх чөлөөнд байгаа хэрнээ шоронд байгаа мэт мэдрэмж авч, уйтгартай залхмаар байдалд сүр сүлд нь үхэж, цалин ихтэй ч бүтээлч байдлыг чинь барьцаалж, бие болоод сэтгэл зүйгээр хохироосон ажилд нухлуулж, үргэлж өө сэв хайж, мөнхийн хэрүүл маргаан дэгдээдэг орчинд амьдарч байдаг. Энэ бол амьдралын там. Заримдаа энэ муухай зүйлсрүү анхаарч өөрийгөө зовоож байснаас, гадаа зам дээр шохойгоор юу ч хамаагүй зур. Гаран дээрээ зүрх зур. Новшийн мэдрэмж авахаас л хамаагүй дээр”.

 

“Бүгд л өөрөөрөө байх хэрэгтэй гэж ярих, номлох боловч, жинхэнэ өөрөөрөө байгаа нэгнийгээ байнга л ад үзэж, шоолон доромжилдог. Хүн бол гайхамшиг боловч заримдаа хүн жинхэнэ аймшиг. Жинхэнэ хүн байхыг хүсэж байвал бид хамгийн түрүүнд бусдын хүсэл мөрөөдлийг хүндэтгэж сурах хэрэгтэй. Өөрийгөө л хичээж явах нь том соёл юм”.

 

“Зурагт үзэж, хоол идэж, унтаж, эсвэл ууж согтохоор хүн амрах биш улам ядардаг.Харин мэлмийгээ баясга, сонороо мялаа, байгалийн үнэрт анхилам тансгийг мэдэрч, үнэгүй цэвэр агаараар цээж дүүрэн амьсгал.Эерэг хүмүүстэй ярилцаж, сайхан зүйлсийг төсөөлөн бод.Хэр их мөнгөтэй, бас хаана амрах бэ? гэхээс илүү амрах сэтгэл зүй чинь л хамгийн чухал.Сайхан мэдрэмж байгаа цагт хүн хаана ч сайхан амарч чадна”.

“Цалингаа аваад хамгийн түрүүнд өөртөө жижигхэн бэлэг авдаг хүнийг зөв зүйл хийж байна гэж би боддог.Учир нь хайртай хүмүүсийнхээ төлөө зүтгэж байгаа нь танд аз жаргал мөн байлаа ч, хүнд өөрийгөө цэнэглэх жаахан ч болов урам байх хэрэгтэй. Чиний цалин шүү дээ.Ихэнх нь өрөнд явдаг байлаа ч гэсэн хамаагүй.Эцсийн 100 төгрөгөөр нь өөртөө бэлэг аваарай. Яаж зүтгэж , яаж зүдэрч байж цалинд хүрснээ та өөрөө л яс махаараа мэдэж , мэдэрч байгаа шүү дээ. Өөртөө урам хайрлаж бай”.

 

“Яг одоо өөрийнхөө сэтгэлийг дүүргэх ямар нэгэн зүйлийг олоод сэтгэлээ жаргаах нь хэрэгтэй байх. Яагаад гэвэл маргааш чамайг үхэх болно гэж хэн ч хэлээгүй боловч, маргаашийг чамд хэн ч амлаагүй шүү дээ. Бурхан байлаа ч маргаашийг чамд амлаагүй. Өдөр бүр л үнэ цэнэтэй”.

 

“Сэтгэлийн тэнхээгүй тэнэг гэдгээ яаж мэдэх бэ гэвэл, нэг талаараа болохгүй ,бүтэхгүй гэдгийгээ мэдсээр байж өөрөө далжганаж тэмүүлээд байгаагаа анзаарахад л болно. Нөгөө талаараа өөр байх л даа.Заримдаа хүн дахин дахин тамлагдаж байгаа зүйлээ өөрчлөгдөнө гэж найдаж тэмүүлдэг. Арав цохиулаад хорь уучлаад гэдэг шиг.Уг нь хүнд өөр чухал зүйл байгаа даа”.

 

“Юун дээр алдсан гэдгээ мэдмээр байвал битгий гоншгоноод бай. Бид зовлон зүдгүүрийг туулж байж л зөв бурууг ялгаж сурах болно.Чамайг зовж зүдрэхэд заавал хэн нэгэн буруутай байдаг юм биш.Гол буруутан чи өөрөө ч байж мэдэх юм.Туулах ёстойгоо туулж,үүрэх ёстойгоо үүрч байж л дуусгах ёстойгоо дуусгах байх”.

 

“Чи зоригтой хүн биш байж болно. Гэхдээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө гэсэн сэтгэл байгаа бол зориг аяндаа бий болдог. Юуг ч битгий хүлээ, хүлээсэн хүн хоосон итгэл, гуниг хоёроос өөр юу ч үгүй л хоцордог. Хэн нэгэн байх уу? эсвэл хэн ч биш байх уу? сонголт чамд л байсаар байсан”.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нэгэндээ гай болохгүй амьдрах л хамгийн чухал  
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй