Шууд Chart

Мансууруулах бодис илрүүлэх “сорьц тавих” шинжилгээнд сайн дураараа хамрагдахыг уриаллаа

2019-09-18 14:00:18

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тодруулбал, 2019 оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдаж байна. Үүний 23 хэрэг нь орон нутагт бүртгэгдсэн. Үүнээс харахад энэ төрлийн хэрэг зөвхөн Улаанбаатарт бус орон нутагт ч гарах болжээ. Түүнчлэн дээрх тоог 2018 оны есдүгээр сартай харьцуулахад энэ жил 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн байна. Харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өссөн аж.

Энэ онд дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь 19-35 насны хүмүүс байгаа бол 17 буюу 5.1 хувийг насанд хүрээгүй буюу 15-18 насны хүмүүс эзэлж байна. Эдгээр насанд хүрээгүй 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн сурагч юм.

2018 онд нийт 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 36 нь буюу 8.7 хувь, энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 47 нь буюу 14.2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн байна.

Хэвлэлийн хурлын үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган, тодорхой ажил арга хэмжээ зохион байгуулж байна” гэв.

Түүнчлэн дээрх ажлын хүрээнд Учир нь төрийн байгууллага болон хувийн компаниуд мансууруулах бодисын сорьц тавих шинжилгээг хэвшил болгосноор энэ төрлийн бодис хэрэглэдэг хүн үндэсний томоохон компаниуд болон төрийн байгууллагад ажиллах боломжгүй болно.

УРИАЛГА

Сүүлийн жилүүдэд манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, тээвэрлэх, борлуулах, хадгалах төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өсөж, шалгагдсан хүний 88.0 хувийг 13-35 хүртэл насны хүүхэд, залуучууд эзэлж байна.

Дэлхийн олон улсад ноцтой хор хөнөөл учруулж, гашуун түүх дагуулсан “Цагаан тахал”-ын аюул бидний хаяанд ирж, гэр бүл, ирээдүй хойч болсон хүүхэд, залуучууд, хамт олон, хайртай дотны хүн бүхэнд минь аюулын эрсдэл дагуулж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, түүний хор хөнөөлөөс улс үндэстэн, дотны хүн бүхнээ хамгаалж, урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын төдийгүй иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал юм.

Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гаргаж байна.

Та бүхэн энэхүү уриалгад нэгдэж, байгууллага, хамт олноороо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” шинжилгээнд сайн дураараа хамрагдан, хар тамхигүй ажлын байр, хамт олныг бий болгож энэ төрлийн гэмт хэрэгт ойр дотныхоо хэн нэгийг өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж, ирээдүй хойч үеийнхээ нийгмийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулахыг уриалж байна.

Та бид хамтдаа “Цагаан тахал”-ын аюулаас сэргийлж чадна. 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

 



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Мансууруулах бодис илрүүлэх “сорьц тавих” шинжилгээнд сайн дураараа хамрагдахыг уриаллаа  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй