Шууд Chart

АНУ бодлогын хүүгээ дахин буурууллаа

2019-09-19 18:53:26

Америкийн төв банк-Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 1,75-аас 2 хувь болгож 25 хувиар буруулснаа лхагва гарагт зарлалаа. Олон улсын эдийн засгийн өсөлт удааширснаас үүдэлтэй тодорхойгүй байдлаас Америкийн эдийн засгийг хамгаалахын тулд бодлогын хүүг ийн бууруулж байгаагаа нэгдсэн улсын төв банкны удирдлага тайлбарлажээ. Албан ёсны энэ мэдэгдлийн дараа Америкийн хувьцааны зах зээлд уналт үүсч, хэсэг хугацааны дараа сэргэсэн байна.

Бодлогын хүүг бууруулж буй энэ удаагийн шийдвэр нь сүүлийн 11 жилийн хугацаанд гаргаж буй 2 дахь тохиолдол. Өнгөрөгч 7 дугаар сард Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ мөн ийм хэмжээгээр бууруулсан. Ингэснээр бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн зээлийн хүү буурч, эдийн засгийн хөдөлгөөн идэвхтэй хэвээр байна гэж банкныхан тооцоолж байгаа юм. 

Энэ оны 2 дугаар улиралд Америкийн эдийн засгийн өсөлт 2 хувь болж буурсан, шинээр бий болох ажлын байрны тоо багассан гэх мэдээлэл байна. Мөн сүүлийн өдрүүдэд санхүүгийн зах зээлд бэлэн мөнгөний хомстол бага хэмжээгээр илэрсэн зэрэг нь Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өөрчлөхөд хүргэсэн хэмээн тайлбарлаж байгаа.

Төв банкнаас нь ийм шийдвэр гаргасан даруй Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп нөөцийн сангийн дарга Жером Пауэл–ийг хурцаар шүүмжилсэн байна. Бодлогын хүүг хангалттай хэмжээгээр бууруулж чадсангүй гэж тэрээр төв банкны удирдлагыг удаа дараа буруутгасан. Энэ удаа тэрээр “Жером Пауэл болон Холбооны нөөцийн сан дахиад л бүтэлгүйтлээ. Ямар ч зориг зүрх, тэсвэр тэвчээр, мэдрэмж, алсын хараа гэх зүйл алга, үнэхээр муу ажилтан юм” гэсэн утгатай үгсийг твиттер хуудсандаа бичжээ.

Одоо АНУ-ын бодлогын хүү түүхэн стандартаас аль хэдийн буурчхаад байгааг хэвлэлүүд мэдээлж байна. “Хэрэв цаашид эдийн засаг дордвол энэ ондоо бодлогын хүүг дахин бууруулна” хэмээн Холбооны нөөцийн сангийн захирал Жером Пауэл мэдэгджээ.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ бодлогын хүүгээ дахин буурууллаа  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй