Шууд Chart

Жавхлант суманд эрүүл мэндийн иж бүрэн үзлэг оношилгоог хийлээ

2019-09-23 13:16:10

Энэ сарын 19-21 хооронд Сэлэнгэ аймагт “Сүрьеэ, тэмбүү өвчний тархалтыг бууруулахад шийдвэр гаргагч нарын дэмжлэг” сэдэвт үндэсний чуулган хоёр өдөр амжилттай болж өнгөрлөө.

Уг чуулганд ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, НЭМҮТ, Глобаль сан болон 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар оролцож халдварт болон халдварт бус өвчний тархалтын талаар ярилцаж, санаа бодлоо хуваалцлаа.

Түүнээс гадна тус аймгийн Жавхлант сумын иргэдэд хоёр өдрийн турш эрүүл мэндийн иж бүрэн оношилгоо үзлэгийг хийлээ.

Тодруулбал халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, хүн амын мэдээллийн цахим санг бүрдүүлэх цогц үзлэг оношилгоог хийлээ. Уг аянгыг хоёр дахь удаагаа тус суманд зохион байгуулж байгаа юм байна.
Сэлэнгийн ард түмнээ эрүүл байлгахын төлөө ажиллаж, ирэх оны төсөвт 160 гаруй сая төгрөг төсөвлөж чаджээ. Өөрөөр хэлбэл, энэ мөнгийг аймгийнхаа иргэдийн эрүүл мэндэд зориулах аж.
Тус сумын сургууль дээр хоёр өдөр үргэлжлэх эмч нарын үзлэг оношилгоонд орохоор оочер дугаар үүсгэсэн иргэд олон байв.

Нярай хүүхдээ тэвэрсэн ээжээс эхлээд 80 хол гарсан буурайнууд ч “олон эмч нар ирсэн дээрээ нь үзүүлээд авах минь” хэмээн оочерлож байгаа нь Жавхлантууд эрүүл мэнддээ ямар анхаарал тавьдгийг илт харуулна.

Түүнээс гадна тус сумын Засаг дарга А.Шинэ-Од, болон эмнэлгийн дарга Ж.Од нар бол сумандаа мундаг удирдагч, чиглүүлэгч, мундаг чадвартай эмч гэдгийг сумын иргэд нь ам сайтай ярьж байв.

Үзлэгт аймгаас болон зэргэлдээ сумаас нарийн мэргэжлийн эмч нарыг авчирсан бөгөөд тэд зөөврийн дижитал аппарат ашиглан цээжний хөндийн эмгэг илрүүлэх, эхогоор хэвлийн хөндий, эмэгтэйчүүд, зүрхний цахилгаан бичлэг, цусан дахь сахар, өөх тосыг тодорхойлох лабораторийн шинжилгээ хийв. Мөн иргэдэд эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээллийг өгөх, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг мэдээллийг өгөв.

Мөн “Сүрьеэгүй-Сэлэнгэ” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд хамт олны оролцоо сэдэвт хэлэлцүүлгийг ч хийлээ.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн :
“Аливаа өвчлөлийн тархалтыг бууруулахад шийдвэр гаргагчдын дэмжлэг асар үр дүнтэй байдаг.

Энэ сэдвийн хүрээнд Сэлэнгэ аймагт үндэсний хэмжээний чуулганыг хоёр өдөр зохион байгууллаа.
Чуулганд орон нутгийн Засаг дарга нарын орлогч нар, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар мөн үндэсний төвийн дарга удирдлагууд оролцлоо.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын санаачлагаар халдварт болон халдварт бус өвчний цогц үзлэгийг 2016 оноос зохион байгуулсан.

Хоёр дахь үзлэг нь Жавхлант суман дээр явагдаж байна. Энэ сум хоёрдугаар ээлжийн гурав дахь сумаар тодорсон.
Халдварт өвчний тархах зам бол тодорхой. Бид нар сүрьеэ болон тэмбүүгийн халдвар дээр их анхаарал хандуулж байгаа.

Сүрьеэгийн хувьд нийслэлийн хэмжээнд сургуулиуд болон орон нутагт гэсэн чиглэлээр цогц үзлэгийг эхлүүлсэн.
Ингэхдээ зөөврийн рентгэн аппаратыг 12 аймагт болон ХӨСҮТ-д нийтдээ 16-г өгсөн байгаа. Үүний үр дүнд явуулын үзлэг шинжилгээг сайн хийж байна.

Бэлгийн замаар дамжих халдвар бол нийт халдварт өвчний 34 хувийг эзэлдэг. Тэр дундаа тэмбүү өвчний халдвар их байна. Тиймээс энэ өвчнөөс сэргийлж, эрт илрүүлэх ёстой.Мөн хавьтал судлалын арга хэмжээг авах ёстой” гэв.

Сумынхаа иргэдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэж чадлаа
Сумын Засаг дарга А.Шинэ-Од “Аймгийн Засаг даргын санаачлагаар аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын эмнэлгүүд нэгдэн хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө энэ аяныг хоёр дахь удаагаа манай суманд амжилттай зохион байгуулж байна.

Эхний аянаар манай сумын хамрагдвал зохих 1130 иргэнээс 888 иргэн хамрагдаж 74,9 хувьтай ажилласан.
Өнөөдөр Жавхлант сумын баг иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө аймгийн Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын санаалчлагаар олон хүний эрүүл мэндэд анхаарал тавьж байна.

Хэрвээ бид хот суурин газар очоод үнэтэй нарийн шинжилгээнүүдийг өглөө гэж бодоход нэг хүнээс дор хаяж 100 мянган төгрөгийн зардал гарна. Гэвч ийм иж бүрэн үзлэг оношилгоо шинжилгээ хийснээр иргэдийн халаасан дахь мөнгийг хэмнэж, цаг хугацааг нь барсангүй.

Бид бүхэн эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж, хөрөнгө оруулалт хийх ёстой. Сэлэнгэ нутаг газар тариалангийн бүс нутаг болохоор хадланчид ногоочид төмс ногоогоо хураах их ажилтай байгаа ч эрүүл мэндээ бодож цаг заваа зохицуулж, эрүүл мэнддээ анхаарал тавихаар хүрэлцэн ирсэн байна. Энэ их үнэтэй эмчилгээ, оношилгоо үзлэгт иргэн бүр ухамсартай хандаж байгаа нь сайхан санагдлаа.

Бидний эрүүл мэндийн төлөө цаг заваа гаргаж ирсэн нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд болон аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга нарт талархлаа. Эрүүл Монголын төлөө, эрүүл Жавхлантын төлөө бид хамтдаа” гэв.

Ж.Од: Цогц үзлэг оношилгоонд орсон иргэд ам сайтай гардаг

 “Халдварт болон халдварт бус өвчний үзлэг оношилгоо манай суманд хоёр дахь удаагаа үргэлжилж байна.
Манай Эрүүл мэндийн төвийн хувьд  2018-2019 оны халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгээр аймагийнхаа хэмжээнд тэргүүлсэн хамт олон байгаа. Ер нь ийм төрлийн үзлэг оношилгоо, эрт илрүүлгийг өндөр түвшинд зохион байгуулдаг.
Энэ удаагийн цогц үзлэгээр олон асуудлыг шийдвэрлэдэг. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэдтэй эх, хүүхэд, өндөр настан гэх мэт хүмүүсийг аль болох аймаг руу явуулахгүй, зардал мөнгийг нь хэмнэдэг.

Арга хэмжээний тухайд үр дүнтэй арга хэмжээ гэж боддог. Сумын иргэд ч ам сайтай, ач холбогдол ч өгдөг.
Сумын хэмжээнд гарч байгаа өвчлөлийн хувьд гэвэл зүрх судасны асуудал, халдварт өвчний гаралт бага. Чихрийн шижингийн оношилгоонд бүх иргэдээ 100 хувь хамруулсан.

Энэ удаагийн үзлэг шинжилгээндээ сумынхаа иргэдийг бүгдийг хамруулна гэсэн төлөвлөгөөтөй байна. Манай суманд сүрьеэ болон бэлгийн замын халдварт өвчний тохиолдол байхгүй.Өөрөөр хэлбэл, тэмбүүгүй сум болсон” гэв.

 

Жавхлант сумын өндөр настан Ц.Бат-Очир “Бүх төрлийн үзлэгт орчихоод гарч ирлээ. Биеийн байдал зүгээр байна гэж эмч хэллээ. Цусны шинжилгээ болон рентгэн эхоны хариу нь дэр дороо гарчихаар их амар юм. Манай сумын эрүүл мэндийн төвийн үйлчилгээ сайн. Ерөнхий эмч нь залуу хүн байдаг болохоор хөгшүүл бидэнд их хүндэтгэлтэй ханддаг. Соёлтой боловсон үйлчилгээг үзүүлж чаддаг. Ер нь сумын болоод аймгийн удирдлагууд сайн ажиллаж байна гэж хардаг. Манай эмнэлгийн техник тоног төхөөрөмж хангалттай. Тиймээс аймаг, хот гэж явж зардал чирэгдэл болохгүй сайхан л байдаг” гэв.

Сумын цэцэрлэгийн тогооч Д.Тунгалаг “Хоёр жилийн өмнө манай суманд яг ийм үзлэг шинжилгээг цогцоор нь хийж байсан. Энэ жил дарга нарын санаачлагаар дахин хийж байгаад баяртай байна. Манай эмнэлгийн үйлчилгээ хурдан шуурхай байдаг. Дарга нь ч залуу хүн болохоор их хариуцлагатай мэдрэмжтэй байдаг. Иргэдийнхээ төлөө сайн ажилладаг. Миний хувьд хоолой болон дотор эрхтнээ үзүүлэхээр дугаарлаад зогсч байна. Бүр хөдөөнөөс орж ирсэн ахмадууд ам сайтай байна” гэлээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Жавхлант суманд эрүүл мэндийн иж бүрэн үзлэг оношилгоог хийлээ  
Үзсэн: 100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй