Шууд Chart

Ц.Лхагвадаш: Япон мэргэжилтнүүд монгол нинжа нарыг магтаж, гайхан биширсэн

2019-09-28 14:19:03

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “MNB спорт” сувгийн захирал Цолмонгийн Лхагвадаштай ярилцлаа. Тэрбээр энэ сарын 29-нөөс эхлэн ням гараг бүрийн 21:10 цагаас МҮОНТ-ээр үзэгчдэд хүрэх эр зориг, тэсвэр хатуужлын тулаан гэгддэг "Монголын Нинжа дайчид" телевизийн экстрим шоуны Ерөнхий продюсероор ажилласан юм. Түүнээс дэлхийн 20 гаруй орны үзэгчдэд албан ёсны эрхтэйгээр хүрсэн "Sasuke Ninja warrior" телевизийн шоуны талаар болон "Монголын Нинжа дайчид" нүсэр төслийн “хөшиг”-ний ард өрнөсөн үйл явдлын талаарх асуултад хариулт авлаа.

“Нинжа дайчид” шоуны даалгаврууд экстрим спортын ангилалд багтдаг

-Танд юун түрүүнд Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 52 жилийн ойн гал халуун мэндийг хүргэе. MNB-гийн хүчирхэг хамт олон уг ойн босгон дээр дэлхийд алдартай "Sasuke Ninja warrior" шоуг эх орондоо амжилттай зохион байгуулж, үзэгч түмэндээ хүргэхэд бэлэн болсон байна?

-Баярлалаа. Японы TBS телевизийн "Sasuke Ninja warrior" шоу анх “Хүч чадлын тулаан” (Кинники Банзуке) спортын цэнгээнт нэвтрүүлгийн нэг хэсэг байсан. Энэ нэвтрүүлгийн зорилго нь оролцогчид болон үзэгчдэд булчинлаг, хүчирхэг болох эрмэлзэл төрүүлэх байсан юм билээ. Уг нэвтрүүлгийн даалгавар спортын олон төрлийн болон биеийн хүчний тэмцээн, тулаанаас бүрддэг. Ийн “Сасүкэ” тулаан үзэгчдээс өндөр үнэлгээ авч, хожим “Сасүкэ Дайчин нинжа” нэртэй бие даасан шоу нэвтрүүлэг болж өргөжсөн. Уг шоуг дэлхийн 20 орон үзэгчиддээ хүргэсэн бол Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз энэ төслийн ард гарснаар Монгол Улс "Sasuke Ninja warrior" шоуг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн 21 дэх орон болж байгаа. Анхны “Сасүкэ Дайчин нинжа” шоу 1997 онд эфирээр цацагдсан. Үүнээс хойш тус нэвтрүүлэг жилд 1-2 удаа хийгдэж, үзэгдэд хүрч эхэлсэн. Энэ шоуг Ази тивээс БНХАУ, Вьетнам, Индонез, Малайз зэрэг 10 гаруй орон дэлхий дахинд гэвэл АНУ, ОХУ болон Европын орнууд үзэгчиддээ хүргэсэн байдаг. "Монголын Нинжа дайчид" шоуны зураг авалт амжилттай явагдаж дууслаа. Одоо дуу, дүрсний монтаж, эвлүүлгийн ажлууд хийгдэж байна. Монтажны тухайд дронуудаа оруулаад 20 гаруй камерын дүрсийг эвлүүлж байгаа. 20 гаруй камерны дүрс гэхээр тэр тооны өнцгөөс нэг цэгийг болон тухайн цэгт болж буй үйл явдлыг харуулна. Эхний дугаар энэ ням гарагт 21:10 цагаас МҮОНТ-ээр цацагдана.

-"Монгол Нинжа дайчид" шоу эхлэхээс өмнө зураг авалтын талбайд очсон. Дөрвөн үе шатын тайз тус бүр нь 2-3 давхар байгууламжтай адил юм билээ. Бэлтгэл ажилд үнэхээр их хөдөлмөр орсон байх?

-Өнгөрсөн жил энэ төслөө эхлүүлж, бэлтгэл ажилдаа орсон. Энэ оны дөрөвдүгээр сараас зураг авалтын талбайн зураг төсөлтэй танилцаж, долоодугаар сарын 18-наас тайзаа угсарсан. Үүнээс хойш яг 60 хоногт амжиж шоуны зураг авалтаа дуусгалаа. Шоуны арын албаны ажилд Японы зөвлөх баг тусалсан. Учир нь “Нинжа дайчид” шоуны даалгаврууд экстрим спортын ангилалд ордог. Оролцогчид бэртэж, гэмтэх вий гэсэн айдсаа бүрэн дарж, арилгаж байж даалгавраа амжилттай биелүүлж, үзүүлбэрээ төгс хийдэг. Тиймээс нэвтрүүлгийн баг бүх л аюул эрсдэлийг арилгах үүрэг хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу оролцогчийн унах, ойчих бүх л цэгт хамгаалалт суурилуулсан. Өнгөрсөн жил Японоос хоёр зөвлөх ирж бэлтгэл ажилд тусалсан. Сүүлд зургаан зөвлөх гурав гурваараа хоёр ээлжээр ирж ажиллалаа. Нэвтрүүлгийн баг дээрх бүх даалгавар ажлыг биелүүлсний дараа Японы талаас нэвтрүүлгээ эхлүүлж болно гэсэн зөвшөөрөл өгч, зураг авалтын мотороо асаасан.

-Шоунд нийт хэчнээн оролцогч оролцов. Түүнчлэн зураг авалт эхлэхийн өмнө мэргэжлийн хүмүүс нэвтрүүлгийн даалгавруудыг биелүүлж тест хийсэн гэсэн.

-Манай шоунд нийт 140 хүн оролцлоо. Бид гадны улсад зохион байгуулагдсан шоуны жишгийн дагуу төрөл бүрийн мэргэжлийн хүн сонгож авсан. Тухайлбал, малчин, зураач, эмч, багш, чоперчин, орлон тоглогч, тулааны спортын болон тив дэлхийд эх орныхоо нэрийг мандуулсан тамирчид болон цэрэг цагдаагийн тусгайлан бэлтгэгдсэн алба хаагчид оролцсон. Үүнээс 15 нь эмэгтэй оролцогч.

Мөн Монголын циркчдийн холбооны зургаан циркчин, армийн тусгай бэлтгэгдсэн таван эрэгтэй, таван эмэгтэй алба хаагч тест хийсэн. “Сасүкэ Дайчин нинжа” шоуны үе шатуудыг давж байсан мэргэжлийн “нинжа” Японоос ирж дөрвөн үеийн даалгаврыг бүгдийг нь шалгаж, тестэлж, биелүүлсэн.

Тив дэлхийн медальтай тамирчид, байнгын тусгай бэлтгэлтэй цэрэг, цагдаагийн алба хаагчид оролцсон

-Эмэгтэй оролцогчдын даалгаврыг хөнгөвчилдөг үү?

-Үгүй ээ. Яг л адилхан даалгавар биелүүлнэ. Энэ ташрамд хэлэхэд, манай шоуны 15 эмэгтэй оролцогч үнэхээр мундаг байсан. Эрчүүдтэйгээ зэрэгцээд л тэр хүнд бэрх даалгавруудыг биелүүлсэн. Мөн 17, 18 настай оролцогчид ах нартайгаа, 40 гаруй настай оролцогчид залуустай энэ зэрэгцэж үе шатуудаа давлаа.  Үүнээс гадна манай шоунд спортын зэрэг цолтой, тив дэлхийн медальтай тамирчид, байнгын тусгай бэлтгэлтэй цэрэг, цагдаагийн алба хаагчид оролцсон гэж түрүүн хэлсэн. Тэгвэл биеийн хүчний чадвар төдийлөн шаарддаггүй эмч, зураач зэрэг мэргэжилтэй бусад оролцогч тогтмол бэлтгэл хийдэг оролцогчдоос заримдаа бүр илүү байсныг хэлэх нь зүйтэй.

-Дөрвөн үеийн даалгаврын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Эхний шатны даалгаврууд оролцогчоос хурд, авхаалж самбаа шаарддаг. Хоёрдугаар үе хурд, хүч, дараа нь агаарын үе шат буюу оролцогч  агаарт байрлуулсан саад бартааг даван туулах ёстой. Харин сүүлийн үед оролцогч өгөгдсөн цаг хугацаанд амжиж даалгавраа биелүүлнэ. “Сасүкэ Дайчин нинжа” нэвтрүүлгийн дөрвөн үе шат 21 саад бэрхшээлээс бүрддэг. Мөн оролцогчид үе бүрт биеийн хүчний төрөл бүрийн даалгавар биелүүлэх бөгөөд сорилыг амжилттай давахын тулд дасгал сургуулилт, бие физиологийн тэнцвэр, сэтгэлийн хаттай байх шаардлагатай. "Монголын Нинжа дайчид" шоуны сүүлийн шатанд саадуудыг давж, 30 метр өндөртэй цамхаг руу авирах даалгавар орсон.

“Сасүкэ Дайчин нинжа” шоу Японд 22 жилийн хугацаанд 30 гаруй удаа зохиогдсон. Энэ хугацаанд дөнгөж дөрөвхөн ялагч тодорч байсан юм билээ. Тэгэхээр тэр хүнд хэцүү, бэрх даалгаврыг монгол залуус хэрхэн давж гарч байна гэдгийг "Монголын Нинжа дайчид" шоунаас хүлээн авч үзээрэй. Мөн шоу нэвтрүүлгээрээ оролцогч “нинжа” нарын дэлгэрэнгүй танилцуулга, бэлтгэл сургуулилтыг гаргах болно.

-Нэвтрүүлгийн тайзыг хэрхэн бэлтгэсэн бэ?

-Тайз заслын хувьд өнгөрсөн жил Японд барьж, угсарсан "Sasuke Ninja warrior" шоуны зургийн дагуу хийж бэлтгэсэн. Өдгөө Азийн болон Европын зарим оронд энэ загварын дагуу тайз угсарч, оролцогчид даалгавар биелүүлдэг. Энэ тайзыг угсрахын өмнө Японы талаас даалгавруудыг хялбарчилж болно гэсэн санал гаргасан. Бид хүлээн зөвшөөрөөгүй. Гадныхан ямар даалгавар биелүүлдэг яг тэр даалгаврыг нь монгол оролцогчдоороо хийлгэсэн. Тэгсэн Японд оролцогчид нь төдийлөн биелүүлж, давж чаддаггүй үеийг монгол залуус торох юмгүй давсан. Зарим япон мэргэжилтэн монгол оролцогчдыг магтаж, гайхан биширсэн шүү. Мөн манай уран бүтээлчдийн баг өнгөрсөн жил Японы TBS телевизийн "Sasuke Ninja warrior" шоу зохион байгуулагдахад туршлага судлах үүднээс тухайн талбайд ажилласан. Энэ найм хоногийн сургалт дэлхийн хэмжээний том шоуны зураг авалтыг эх орондоо амжилттай хийж дуусгахад тодорхой хэмжээнд дөхөм болсон.

Харин телевизийн нэвтрүүлэг болгох тал дээр АНУ-ын "Америкийн Нинжа дайчид" шоуны стандартыг баримталсан. АНУ-д шоуны зураг авалтаа үзэгдэх орчноо гоё, сайхан харагдуулахын тулд шөнө хийдэг. Тэгэхээр АНУ-д төдийгүй бусад улсад хийгдэж буй шөнийн зураг авалт өдөр шиг л гэрэлтэй дүрэмтэй. Бид энэ шаардлагыг биелүүлж ажиллаж чадсан.

МҮОНРТ 52 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ ойн хүрээндээ гадны телевизүүдийн гадаа тайз угсарч зохион байгуулдаг телевизийн экстрим шоуг эх орондоо хийж, үзэгчиддээ бэлэг барьж байгаа MNB-гийн нийт уран бүтээлчээрээ бахархаж байна.

Мөн "Sasuke Ninja warrior" экстрим спортын шоу нэвтрүүлгийг Монголын үзэгчиддээ үзүүлэхээр зорьж, хамт олондоо итгэж, энэ шоуны эрхийг авсан Л.Нинжжамц захирал(МҮОНРТ-ийн Ерөнхий захирал)-даа уран бүтээлчид, үзэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

Салбарынхаа болоод улсынхаа нүүр царай болсон эрхмүүд "Монголын Нинжа дайчид" шоуг хөтөлнө

-Телевизийн шоу болон нэвтрүүлгийн нүүр царай нь яахын аргагүй хөтлөгчид байдаг. "Монголын Нинжа дайчид" хөтлөгчдийг танилцуулаач?

-Мэдээж тийм. Манай шоуны хөтлөгчид салбарынхаа болоод улсынхаа нүүр царай болсон эрхмүүд бий. Үндсэн хөтлөгчөөр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, Хөгжим, цэнгээнт нэвтрүүлгийн редакцын редактор Ч.Шижирбаатар нар ажиллаж байгаа. Харин зочин хөтлөгчөөр "Мон-Алтиус Цагаанбаатар" жүдо бөхийн академиа байгуулж, элсэлтээ аваад буй Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ийн хүрэл медальт Д.Отгондалай(Оки), гавьяат жүжигчин, “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд(Боёо) ажилласан.

-Зураг авалт есдүгээр сарын эхээр сэрүү орчихсон байхад болсон. Хүйтэн сэрүүн цаг агаарын орчин “нинжа” нарын амжилтад сөргөөр нөлөөлсөн үү?

-"Монголын Нинжа дайчид" шоу экстрим спортын нэвтрүүлэг учир оролцогчдод цаг агаарын байдал төдийлөн том саад биш байх. Японы энэ жилийн “Сасүкэ Дайчин нинжа” шоуны зураг авалт арванхоёрдугаар сард болно. Тэгэхээр оролцогчид үе шатаа давж, чадахгүй тохиолдолд өвөл арванхоёрдугаар сард хүйтэн ус руу унана гэсэн үг. Гэлээ ч энэ нь оролцогчдод том бэрхшээл саад биш учраас Японд өвөл л зураг авалтаа хийдэг юм билээ. Өнгөрсөн жил Японы “Сасүкэ Дайчин нинжа” шоуны талбайд ажиллаж байхад телевизийн болон зураг авалтын баг, үзэгчид өвлийн хувцастай байсан. Харин оролцогчид хүйтнийг тоохгүй, ажралгүй даалгавраа биелүүлсэн. Тэндээс харахад TBS телевиз оролцогчдын тэсвэр хатуужлыг нэмэх, тултал нь шалгах зорилгоор өвөл зураг авалтаа хийдэг гэж ойлгогдохоор байгаа биз.

-"Монголын Нинжа дайчид" шоу нэвтрүүлгийн ялагчийг төмөр хүлгээр байлж байгаа. Гадны орнуудад зохион байгуулагчид ялагчид ямар шагнал өгдөг вэ?

-Японд ялагчид ямар нэгэн шагнал өгдөггүй юм билээ. Ялагч улс орондоо асар их нэр хүндтэй болдог. Учир нь энэ шоунд ялахын тулд оролцогч сэтгэл зүйгээ болон өөрийгөө ялах хэрэгтэй. Тиймдээ ч тэр том зах зээлд “Сасүкэ Дайчин нинжа” шоуны ялагчид олон сайхан боломж нээгддэг байх. Харин АНУ, ОХУ-д болон ихэнх оронд мөнгөн шагнал өгдөг. "Монголын Нинжа дайчид" шоу нэвтрүүлгийн дөрвөн үеийн даалгаврыг биелүүлсэн цор ганц ялагч Японд үйлдвэрлэсэн “Nissan Qashqai” дунд оврын жийп автомашины эзэн болно.

-Оролцогч саад бартааг амжилттай даван туулахад биеийн хүчний хөгжлөөс нь гадна тухай хүний аз, эз нөлөөлдөг байх?

-Нэг сонирхолтой зүйл хэлэхэд АНУ-ын Үндэсний ялагч болсон “нинжа” өнгөрсөн жил Японы “Сасүкэ Дайчин нинжа” шоунд оролцоод гуравдугаар үеэс хасагдсан. Тэгэхээр энэ шоу нэвтрүүлгийн үе шат, даалгавар хэр хэцүү, оролдлого бүрт үр дүн нь өөр гэдэг нь төсөөлөгдөж байгаа биз. "Монголын Нинжа дайчид" шоунд маш чадварлаг олон залуу бүртгүүлсэн ч нэвтрүүлгийн финал хүртэл явна даа гэж харж байсан оролцогчид эхний үеийн “таван алхамт” даалгавар дээр хасагдсан. Энэ нь чадахгүй дээ бус хайнга зангаасаа болж гаргасан алдаа. Тэгэхээр сэтгэл зүй маш чухал. Зарим оролцогч хамгийн энгийн гэж бодсон даалгавраа биелүүлж чадалгүй алдаж, хасагдсан.

Монгол нинжа Японд болох"Sasuke Ninja warrior" шоунд урилгаар оролцохыг үгүйсгэхгүй

-Монгол нинжа нар гадны улсад зохиогдсон “Нинжа дайчид”-ын оролцогчдоос сайн, илүү байж чадав уу?

-Японд болсон шоунд өнгөрсөн жил 120 гаруй хүн орсон. Үүнээс 100 орчим оролцогч нэгдүгээр шатаа даваагүй. Би тухайн шоуны тайзыг Монголд зассан болохоор дараа дараагийн шатанд маш цөөхөн оролцогч үлдэх байх гэж тооцож байсан. Гэтэл эсрэгээрээ ихэнх нь эхний үеийг торох зүйлгүй давсан байгаа. Хоёр, гуравдугаар үеийг хөнгөхөн давчих ур чадвартай, биеийн хөгжил сайтай “нинжа” нар хайнга зан, сэтгэл зүйн бэлтгэл дутуугаасаа болж хасагдсан тохиолдол бий.

-Энэ нүсэр шоуны “хөшиг”-ний ард хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон ажиллав?

-Зураг авалтын талбайд оргил үед 200 гаруй уран бүтээлч ажилласан. Манай уран бүтээлчид өдөр нь бэлтгэл ажлаа хангаж, шөнө нь зураг авалтаа хийсэн. Гэгээ орохоор бичлэгээ зогсоочихдог учир тэр үеэр зав зай гарвал нойр авна. Бүр 70 цаг унтаагүй ажилласан ч хүн бий. Үүнээс гадна Онцгой байдлын газрын хоёр аврагч ажлын хувцас хэрэгсэлтэйгээ мөн БХЯ, ЗХЖШ-аас 30 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй цэргийн цагдаагийн хамгаалалт гаргуулсан. Учир нь шоу болж буй талбайд хаа сайгүй тог татсан цахилгаан утас болон техник хэрэгсэл байрлуулж, том байгууламжууд угсарсан учир ингэж аюулгүй байдлын хяналт тавьсан. Ерөнхий продюсероос гадна үндсэн зураг авалт хариуцсан болоод аюулгүй байдал, хамгаалалт, хангамж хариуцсан продюсерууд ажиллалаа. Бүх л хүн хариуцсан үүрэг даалгавраа бүрэн дүүрэн биелүүлсэн учир бэртэж гэмтсэн асуудал болон элдэв маргаан ерөөсөө гараагүй.

Түүнчлэн оролцогчдод шоуны үеэр гадаадад ямар хангамж үзүүлдэг тэр бүрийг бүрдүүлсэн. Тухайлбал, явуулын душ, био жорлон, зөөврийн халаагуур, усанд унасан оролцогчдод ванны алчуур болон биеийн бүтээлэг гэх мэт бүх л зүйлийг бэлдэж, олон улсын жишиг, ном журмын дагуу ажиллалаа. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч болон сувилагчдын баг гурван шөнө жижүүрлэсэн. Мөн гэнэтийн тохиолдлоор осол гэмтэл гарвал түргэн тусламжийн машин хоёр минутын дотор ирж үзлэг эмчилгээ хийх зохицуулалт урьдчилан хийсэн байсан.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-МҮОНРТ-ийн хамт олон АНУ, ОХУ, Япон зэрэг дэлхийн болоод Азийн өндөр хөгжилтэй орны телевиз үзэгчид ямар шоу үзэж байна тэр бүхнийг монголчууддаа үзүүлэхийг зорьж хичээж ажиллалаа. Дэлхийн 20 орны том телевизийн хийсэн "Sasuke Ninja warrior" шоуг Монголынхоо хөрсөнд хийж, үзэгч түмэндээ барьж байна. Эрхэм үзэгч та бүхэн "Монголын Нинжа дайчид" телевизийн шоу энэ сарын 29-нөөс эхлэн ням гараг бүрийн 21:10 цагаас МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй.

Эхний шатны зураг авалтын үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байсан хүмүүс хамгаалалтын хашааны гаднаас шоуны явцыг үзсэн. Тэр хавийн орон сууцны иргэд олон цагаар цонхоороо нэвтрүүлгийн талбайг дурандаж хардаг байсан. Энэ нь манай шоу хэр сонирхолтой болсныг илтгэж байна гэж харж байгаа. Мөн тухайн хүмүүс зурагтаар цацагдах мөчийг нь тэсэн ядан хүлээж байгаа байх.

Нэг сайхан мэдээ дуулгахад, Японы талаас хамгийн сайн оролцогчдынхоо бичлэгийг илгээгээч гэсэн хүсэлт ирж, бид дөрвөн оролцогчийн бичлэг явуулсан. Хариу хараахан ирээгүй байна. Ямартай ч монгол нинжа ирэх арванхоёрдугаар сард болох Японы TBS телевизийн "Sasuke Ninja warrior" шоунд урилгаар оролцохыг үгүйсгэхгүй.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ц.Лхагвадаш: Япон мэргэжилтнүүд монгол нинжа нарыг магтаж, гайхан биширсэн  
Үзсэн: 8667 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй