Шууд Chart

Таван толгойн бүс нутаг арваад жилийн дараа усны хомсдолд орно

2019-09-30 12:26:06

Таван толгойн бүс нутаг дахь хуримтлагдах нөлөөллийн  үнэлгээний тайлангаас

Бид Таван толгойн бүс нутагт хэрэгжиж буй төслүүд нь сайн, саар  ямар нөлөөлөл үзүүлж буйг хэлэх, ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны үнэлгээтэй болж байна. Тус үнэлгээг БОАЖЯ, Дэлхийн банкны санхүүжилтээр “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн  хүрээнд  мэргэжлийн баг өнгөрсөн 4 жилд хийж дүнгээ гаргалаа. Үнэлгээний тайланг Дэлхийн банк “ОУ-ын шаардлагад нийцсэн” хэмээн үнэлснийг судалгааны баг онцолж байгаа юм. Тайланд өгүүлснээр Таван толгойн бүс нутагт одоогоор төлөвлөгдөж, хэрэгжиж буй 20 гаруй төсөл, хөтөлбөрүүд байна. Мөн дээр нь төлөвлөлтгүй, гэнэтийн шийвдэр нь нөлөөллийн үнэлгээг бодитоор гаргахаас эхлээд олон зүйлд бэрхшээл учруулж буйг төслийн багийнхан хэлж байлаа.   

Тус үнэлгээний сүүлийн хэлэлцүүлгийг 09 сарын 25, 26-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сум, Цагаан хад сууринд зохион байгуулж нутгийн иргэд, засаг засаг захиргаанаас санал зөвлөмжийг нь авлаа. Хэлэлцүүлэгт холбогдох яамдын төлөөллийг урьсан ч УУХҮЯ-ны газрын дарга, мэргэжилтнүүд л оролцсон юм.  

Таван толгойн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн дүгнэлтээс

АГААРЫН ЧАНАР:

Таван толгойн бүс нутаг дахь уурхайн талбай, нүүрс, хаягдал чулуулаг тээвэрлэлтээс   бохирдуулагч бодис, тоосны агууламж  340-9900 хувь  нэмэгджээ.  Агаар бохирдуулагчийн тоос  3-11 км зайд тархаж байна. Нүүрс дамжуулан ачдаг Цагаан хадны  тоосны агууламж  9900 хувьд, тархалт 11 км-т хүрчээ. Таван толгойн нүүрсний уурхайнуудын Цогтцэций суманд үзүүлэх нөлөөллийг бууруулах  арга хэмжээ авахгүй бол нөлөөлөл ИХ байна.  

Газрын доорх ба гадаргын усны дүгнэлтээс 

Таван толгойн бүс нутаг дахь төслүүдийн усны хэрэгцээ тасралтгүй нэмэгдэхээр байна.  Бага хэрэглэх хувилбараар тооцвол усны хэрэглээ 2040 он гэхэд одоогийн  хэрэгцээнээс 60 хувь, ихээр тооцвол 98 хувь  нэмэгдэхээр байна. Энэ тохиолдолд батлагдаад буй газрын доорх усны нөөц хүрэлцэхээргүй байна. Бүс нутгийн хэмжээнд усны нөөцөд үзүүлж болзошгүй хуримтлагдах нөлөөлөх их байна. Хэрэв Оюутолгой төсөлд ашиглаж буй 18-25.5 сая м3/жил хэмжээг нэмж тооцвол тухайн бүс нутагт ус  ашиглалт 25.9-49.9 сая м3/жил болж нэмэгдэнэ.  

Газрын болон хөрсөн бүрхэвч 

Таван Толгой–Гашуун Сухайтын чиглэлд хатуу хучилттай зам барихаас өмнө нүүрсийг шороон  замаар зөөж эхэлсэн. Үүний уршгаар 32 км өргөн олон салаа зам үүсэж, хөрсөн бүрхэвч талхлагджээ. Цаашид ихэнх төслүүдийн барилгажилт, ашиглалтын үйл ажиллагаатай уялдан бэлчээрийн газар түр болон эргэж сэргэхээргүй өөрчлөгдөнө. Таван Толгойн бүс нутагт  эвдэрсэн талбай нь 2007 онд 875 га байсан бол 8 жилийн дараа 2015  онд 9 дахин нэмэгджээ.

Биологийн олон янз байдал: Нүүрс тээврийн зам орчимд 79 зүйлийн сээр нуруутан тэмдэглэсэн. Авто зам нь хулан, цагаан зээр, хар сүүлт, зээрийн тархцын үндсэн байршлыг дайрч өнгөрдөг. Эдгээр амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулдаг. Шугаман дэд бүтцийн байгууламж нь биологийн олон зүйл байдалд янзын бүрийн сөрөг нөлөөлөл үзүүлж байна.

Хүний эрүүл мэнд: Таван толгойн бүс нутгийн хувьд амьсгалын замын өвчлөл нас баралтын дийлэнх хувийг эзэлж байна. Энэ нь уурхайтай холбоотой үүссэн тоосжилт, түүхий нүүрсний галлагаатай холбоотой байж болно. Тухайн бүс нутагт оршин суугчдын дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь  Таван Толгойн уурхайгаас үүсэж буй тоосжилт хүний эрүүл мэндэд нөлөөлж буйг дурджээ. Нас баралт Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо суманд хамгийн  өндөр байна.  Цагаан-Овоо /“Эрдэнэс Таван толгой” компанийн  уурхайн овоолгийн дэргэд бий/ багт нас баралтын эрчим 50 хувь нэмэгджээ. 2018 оны байдлаар эмнэлгийн ор, эмч болон сувилагчдын тоо Ханбогд,  Цогтцэций сумын хүн амын хэрэгцээг хангаж чадахааргүй болоод байна. Эмнэлгийн хүчин чадал, эмч, сувилагчийн тоог нэмэхгүй бол хүн амын өсөлтөөс шалтгаалж эмнэлгийн үйлчилгээ авахад хүндрэл учирч болзошгүй байна.

Нийгэм-эдийн засаг: 2013 гэхэд Цогтцэций болон Ханхонгор сумын төсвийн орлого 10 жилийн өмнөхөөс 492 дахин тэлсэн бол төсвийн зарлага 8 дахин өсчээ. Мөн нүүрс тээврийн зам дагуух Ханбогд, Баян-Овоо сумын төсвийн орлого сүүлийн 10 жилд 719 дахин өссөн ч төсвийн зарлага нь  8.5 дахин  нэмэгдсэн. /улсад оруулж буй орлогын өсөлтөөсөө зарлага нь 84 дахин бага байна/ Өмнөговь аймгийн нэг хүн амд ногдох ДНБ 2014 онд 5.6 сая төгрөг байсан бол 2017 онд 8 сая төгрөгөөс илүү байна. Харин ДНБ-д ноогдох уул уурхайн салбарын бүтээгдэхүүний эзлэх хувь 50 хувь давав.

*****************************

Ийм байдлаар Таван толгойн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийг Авсрали, Канад улсын зөвлөх, МУИС-ийн багш болоод бусад судлаачдаас бүрдсэн  30 гаруй бүррэлдэхүүнтэй  мэргэжлийн баг судалж, үнэлгээний тайлан, зөвлөмжөө гаргаад байна.  

Үнэлгээний урьдчилсан дүгнэлтийг Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций суманд танилцуулах үеэр нутгийн иргэдээс хэд хэдэн санал гарч байв. Тэдний, мөн нутгийн байгууллагуудын санал зөвлөмжийг авч үнэлгээний тайланд тусгахаа судалгааны баг мэдэгдлээ.

Судалгааны багийн ахлагч “Грийн трэндс” компанийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Баяржаргалаас дараах асуултад хариулт авлаа.                              

-Судалгааны баг Таван толгойн бүс нутагт хамгийн түрүүн ямар асуудлыг шийдүүлэхийг хүсч  байна?

-Бидний судалгаагаар зайлшгүй шийдэх асуудал нь агаарын бохирдол, тоосжилт. Энэ бүс нутаг хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангахааргүй болсон. Агаарын чанар нь хүний эрүүл мэндэд нөлөөлж, эрүүл мэнддээ зарцуулах зардлыг өсгөдөг. Улмаар амьжиргаанд нь нөлөөлнө. Судалгаагаар Таван толгойн бүс нутагт таван хүний нэг нь амьсгалын замын өвчтэй байна. Жил бүр энэ байдал нэмэгдээд л байна.

-Усны менежментэд анхаарах цаг болсон гэлээ. Тухайлбал?

-Таван толгойн бүс нутагт цөөхөн усны орд газрууд бий. Эдгээрийг уул уурхай, дэд бүтцийн бүтээн байгуулалтад ашигласнаар ирээдүйд усны нөөц шавагдах нөхцөл бий болно. Гэнэтийн шийдвэр, төлөвлөлтгүй бүтээн байгуулалтаас шалтгаалан усны нөөцийн менежмент буруу чиглэлтэй явах, усны нөөцөө хамгаалж чадахгүй байдалд хүрэх нөхцөл байна. 2030, 2040 онд тухайн бүс нутагт бүхий л төслүүд хэрэгжвэл усны нөөц 23 сая м3/жил гэсэн хэмжээгээр дутагдахаар байна.       

-Судалгааны гол үндсэн үүрэг, үр дүнг хэлээч. Юун, хэнд нөлөөлөхийг зорьсон бэ?

-Энэ тайлан нь улсын бодлогод чиглэсэн, байгаль орчин, нийгмийн орхигдсон асуудалд төрийн бодлогыг хандуулах, нөгөө талд Таван толгойн бүс нутгийн бодит байдлыг харуулах зорилготой.

**************************

Өмнөговь аймгийн Цогтцэций, Даланзадгад сумын иргэдийн төлөөлөл: 

-Цогтцэций сумын агаарын бохирдол байж болох хэмжээнээс 15-20 дахин их болсон. Бохирдуулагчийн  тоос тоосонцор нь бидний үр хүүхдүүдийн маань уушгинд маш ноцтой нөлөөлж байгаа.  Яаралтай  аргах хэмжээ авахгүй бол Таван толгой орчимд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд ноцтой хохирч байна.

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн овоолгийн дэргэд байгаа Цагаан Овоо багийн иргэдийн эрүүл мэнд тун хүнд байна. Уурхайн овоолго нэг км-т ойртож ирсэн. Цонх, ширээний тавцанг  арчихад л буцаад харладаг. Ийм газар 1000 орчим иргэд амьдарч байна.

-Яг агаар нь бохирдож байгаа сум орон нутагт агаар бохирдуулагчийн төлбөрөөс нь зарцуулдаг баймаар байна.  Таван толгойн уурхайнууд агаар бохирдуулсны төлөөсөнд тн нүүрс тутамдаа төлбөр төлдөг. Гэсэн ч тэр төлбөр агаар нь бохирдсон иргэдэд  биш улсын төсөвт очиж байгааг өөрчилмөөр байна.

-Усны төлбөр мөн улсын төсөв уруу ордог. Орон нутагт үлдэх мөнгө байхгүй.  

-Хямрал болж, нүүрс  үнэгүйдэхээр эндхийн олон мянган иргэн нутаг уруугаа  явчихдаг. Ард нь нөгөө л уугуул хэд нь бууриа сахиж үлддэг. Гэтэл тэр олон хүний үйл ажиллагааны нөлөөллийг энэ нутгийн иргэд бид л амсаж байна. Тиймээс төрөөс ядаж эрүүл мэнд дээр нь анхаарч, даатгалыг нь ч юм уу даадаг баймаар байна.     

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч: Нэг үеэ бодоход орон нутагт ажил урагшилж байна. Таван толгойн 10 000 гаруй жолоочийг нэг дороос баталгаатай үйлчилгээ авах, эрүүл хүнсээр хангагдах, ая тухтай амрах орчныг бүрдүүлэх зорилгоор “Тээвэрчдийн хотхон”-ыг “Шанх Майнинг” төсөлтэй хамтран хэрэгжүүлж байна. Сумаас газрыг шуурхай шийдэж өгснөөр 2018 оны 4 сараас ажлаа эхэлсэн. Энэ оны дөрөвдүгээр  сард Ерөнхий сайд “Тээвэрчдийн хотхон”-ыг барихад шаардагдах зээлийг Хөгжлийн банкнаас олгох үүрэг ӨГСӨН. Гэсэн ч зээл шийдэгдээгүй байна.

Энэ хотхоныг ашиглалтад оруулснаар Цогтцэций суманд үүсээд байгаа тоосжилт, хөрсний бохирдол, бэлчээрийн талхигдлыг бууруулах олон ач холбогдолтой. Таван толгойн зам дахь 4, 6-ын гарам дээр  үүсээд байгаа  “Бага Цагаан хад” гэж нэрлэгддэг газарт “Тээвэрчдийн хотхон”ы 10 гаруй барилга босохоос зургааг нь бариад, заримыг нь  ашиглалтад оруулаад байна. Тэнд нэг ээлжиндээ 500 жолооч байрлах, хооллох, усанд орох, амрах төв бий болно.

Мөн сумын төвд 2,2 км хатуу хучилттай зам барилаа. Ингэснээр баруун хойд талаас ирэх тоос буурсан. Мөн 1800 м дулааны шугамыг шинээр барьж,  10 гаруй нам даралтын зуухыг буулгалаа. Энэ хэрээр Цогтцэций сумын утаа буурч байна. Дээр нь манай сум гурав дахь сургуулийнхаа шавыг тавьж, дөрөв дэхь цэцэрлэгийнхээ  барилгыг эхэллээ. Сумын нэгдсэн эмнэлэгт шүдний, рентгений зэрэг хэд хэдэн  кабинетыг ч ашиглалтад орууллаа.

***************************

Уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх, тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Өмнөговь аймаг, салбар хариуцсан  болон яамд ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа, ямар өөрчлөлт гарч буйг  “Хурд” агентлаг  дараагийн тоймоор хүргэнэ.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Таван толгойн бүс нутаг арваад жилийн дараа усны хомсдолд орно   
Үзсэн: 317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй