Шууд Chart

85 насандаа дэлхийн аварга болсон Ц.Раднаа гуайнд зочиллоо

2019-10-01 12:37:16

Цэрэнгийн Раднаа гуайг 85 насандаа хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-д түрүүлэхэд нь ялангуяа элэг нэгт бид бүхэн халуун дотноор хүлээж авсан. Ийм өндөр настайдаа дэлхийд нэрээ мөнхлөхөд нь бага зэрэг гайхаж байснаа ч нуух юун. Учир нь манай улсаас өмнө нь хэн ч ийм амжилт гаргаж байгаагүй билээ. Иймд өнөөдөр ахмадын баяр, энэ баасан гарагт багш нарын баяр таарч буйг ташралдуулж, түүнийг “Гэрт нь” буландаа урьсан юм. Тэрбээр 30 гаруй жил биеийн тамирын багшаар ажилласан тул багш нарын баярыг яах арга үгүй өргөн дэлгэр тэмдэглэх хэмжээний хүмүүн билээ.

Биднийг гэрийнх нь үүдэнд очоод орцных нь кодыг асуухаар залгах гэтэл аль хэдийнээ гараад ирчихсэн зогсч байсан юм. Мэнд усаа мэдэлцэх зуур “Өнгөрсөн шөнө нутгаасаа ирлээ. Өнөөдөр БСШУСЯ-ны дэргэдэх Ахмад багш нарын холбооны урилгаар “Улаанбаатар” ресторанд ахмадуутайгаа хүлээн авалтанд оролцож, хавьд уулзаагүй нөхөдтэйгээ уулзалдлаа. 21 аймаг, есөн дүүргээс хэчнээн ч багш ирэв, бүү мэд” гээд орц руу дагуулан оров.

Липтэнд суух явцдаа “Та Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат байх аа. Нутаг руугаа ямар ажлаар явав” гэхэд “Аймгийн төвд миний нэрэмжит ахмад мастеруудын УАШТ болсон юм. Үүнийг аймгийн ИТХ, Биеийн тамирын спортын хороо хамтарч маш сайхан зохион байгууллаа. Дээд тал нь 81 настай эмэгтэй тамирчин оролцож байна. Аймагт болсон тэмцээнд байр эзэлсэн тамирчдад мөнгөн шагнал өгдөггүй байсан бол энэ удаа эхний гурван байрынхт медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа. Харин би тэднээс хамгийн сайн амжилт гаргасан эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчинд өөрийн зүгээс гарын бэлэг, 100 мянган төгрөг гардуулсан. Төрөл нь гүйлт, шидэлтээр явагдсан” гэв.

“Та хэдэн жил багшилсан бэ. Нэлээн олон шавьтай болсон байх даа” гэхэд “30 гаруй жил ажилласан. Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн хүн л дээ. Энэ хугацаанд олон шавьтай болсон. Тэднээс маань хамгийн өндөр настай нь 60. Тэгээд үүнээс дооших настай байна. Зарим нь гадаадад амьдарч байгаа бол зарим нь ажиллаж байна” гэлээ.

Тэрбээр Австралид очихдоо энэхүү сувинерийг дурсгал болгон худалдан авчээ. Үүнд дэлхийн долоон гайхамшгийн нэг болсон театрын зураг байралжээ.   

“Эрүүл чийрэг, бие хөнгөн байхын гол шалтгаанаа та байнгын хөдөлгөөн, спорттойгоо холбогдог уу” гээд хариу хүсхэд “Тийм гэж хэлж болно. Гэхдээ тамирчин хүний хамгийн аюултай зүйл бол бэртэл гэмтэл. Харин би үүнээс хол байж чадсан. Гадаад, дотоодын олон ч тэмцээнд өрсөлдлөө. Нэг ч бэртэл аваагүйдээ өөртөө баярладаг” гэхээр нь “Наадамд уралдуулсан морины эзэн “Хүүхэд, морь хоёр л эсэн мэнд давхиад ирвэл болох нь тэр дээ, сайхан наадлаа бид” гэдэг шиг л хүлээж авч байна уу даа” гээд инээхэд “Яг тийм” гээд дагаж инээнэ.

Энэ үед охин нь бидэнд цай аягалж өгөх зуураа “Аав ч амралттай байх үе ховор шүү. Өнгөрсөн шөнө хөдөөнөөс ирчихээд өглөө гараад явсан. Одоо та нар ярилцлага өгөх гээд сууж байдаг. Би байсан бол аль хэдийнээ уначихсаан” гээд хөхөрнө.  

Ц.Раднаа гуайгаас “Таныг дэлхийн гурван удаагийн аварга гэдэг. Гэтэл медалийг чинь тоолохоор өөр гараад байх юм. Энэ ямар учиртай вэ” хэмээхэд “Үндсэндээ би чинь дэлхийн гурав, ахмад мастеруудын таван удаагийн аварга байхгүй юу. Нэг удаагийн ДАШТ-д оролцохдоо таван төрөлд өрсөлддөг. Тодруулбал, 60, 100, 200, 400 метрийн гүйлт, уртын харайлтаар оролцдог. Тэгэхээр таны ойлгодог чинь зөв л дөө. Нэмж хэлэхэд Польшд болсон ДАШТ-ий 400 метрийн гүйлтийн төрөлд өрсөлдөхдөө би дэлхийн рекорд амжилтыг эвдсэн бол сүүлд Австралид болсон далайн орнуудын тэмцээнд оролцохдоо өөрийнхөө тэр амжилтыг дахиж эвдсэн. Ийнхүү Польшийн тэмцээнээс гурав, Австралид болсон далайн орнуудын тэмцээнээс таван алтан медалийг зүүгээд ирж байгаа юм” гээд бахархангуй ярьж байх нь сайхан санагдаж байлаа.

Тэгэхээр нь “Таны нэг өдрийн бэлтгэл хэрхэн өнгөрдөг вэ. Хөнгөн атлетик олимпийн топ таван төрөл шиг хүмүүст нэг их анзаарагддаггүй л дээ болохоор лавлаж байгаа юм шүү” гэвэл “Манай спортын нутгаас дэлхий дахинаа нэг их гавьяа байгуулсан юм байхгүй. Гэхдээ дээхнэ манай нутгийн Агваан гэдэг хүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Азийн Агваан нэртэй болж байлаа. Түүнээс хойш Ази, дэлхийд нэрээ гаргасан хүн алга. Өнгөрсөн жил би Японд болсон тэмцээний 200 метрийн гүйлтэнд оролцож мөнгө медаль хүртсэн бол дараагийнх нь дээр хоёулаагийн ярьдаг хоёр удаагийн ДАШТ юм. Би өдөр бүр бэлтгэл хийдэггүй. Тэгэх ч боломжгүй. 2-3 өдөр идэвхитэй амарч байх хэрэгтэй. Гэхдээ өглөөний гүйлтээ алдахгүй л дээ. 500м-ээс нэг болон хоёр км гүйнэ. Бусад үед нь волейбол, сагс тоглох эсвэл агаарт гарах сонирхолтой” гэлээ.

Түүнээс “Та залуу байхын л жин багатай байсан уу” гэхэд “Залуу байхдаа би 65 кг жинтэй байсан. Харин одоо нас өтлөөд 55 кг болсон байна билээ. Харин тэмцээнд оролцох үедээ 53 кг-ын жинтэй болдог. Хоол хүнсний хувьд ялангуяа тэмцээн ойртох үед өөх тостой хоол идэхгүй, сүү цагаан идээ хэрэглэхгүй байх нь чухал” гэсэн юм.

Мастеруудын насны ангилал 30-34, 35-39, 40-44, 45-49, 50-54, 55-59, 60-64, 65-69, 70-74, 75-79, 80-84, 85-89 гэж явагддаг аж. Харин тэрбээр 85-89 насны ангилалд өрсөлдөж, дээрх амжилтуудыг гаргасан байна. Харин Японд болсон тэмцээнд түүний насны ангилалд 26 тамирчин оролцож байсан бол Польшд болсон тэмцээнд дөрөв, Австралийн тэмцээнд нэг хүн уралдаж байжээ.  

“Залуу байхдаа олон улсын тэмцээнд оролцох боломж байгаагүй юу” гэхэд “Спорттой нөхөрлөхөөсөө өмнө буюу 20-28 нас хүртлээ зоотехникчээр ажилласан юм. Тэр үед хөдөө их явдаг байсан болохоор тэмцээнд оролцож чаддаггүй байлаа. Харин 28 настайдаа оюутан болох үед ХБХБ гэдэг нэртэй тэмцээн үүсч, миний спортын гараа эхэлсэн.

ХБХБ тэмцээнээс хүртсэн медалиудынх өнгө бага зэрэг хувирсан ч үнэ цэнээ хэзээ ч алдахгүй. 

400, 800м гүйлтэнд өрсөлдөж байхдаа спортын мастерын болзол биелүүлсэн. Харин олон улсын тэмцээнд оролцох хүсэл байсан ч тухайн үед манай улсад надаас илүү сайн тамирчин олон байсан болохоор дарагдаад байдаг байлаа. Гэхдээ тэд дэлхий болон олимпод өрсөлдөх ямар ч боломжгүй байсан. Мөн миний хичээллэдэг өөр нэг спортын төрөл бол хэрэглээний гимнастик. Энэ спортоороо нэгдүгээр зэрэгтэй. 28-35 нас хүртлээ энэ спортоор хичээллэсэн. Одоо хааяа бүжгэнд явна аа. Портнероо би голно уу гэхээс тэд намайг голохгүй” гээд ханхалзаж байх шиг.

Батмөнх даян хааны хөшөөг бурханыхаа дэргэд залжээ. Учир нь тэрбээр даян хаантай нэг нутаг болохоор тэр. Мөн Өмнөговьчууд түүхт хааны хөшөөг нутгийн удирдлагын ордны өмнө залсан байдаг билээ. 

Энэ үед түүний гэр бүлийн хүн А.Пүрэв гуайтай цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Бид хоёр нэг аймгийн улс. Би Булган сумынх. Би залуучууд, оюутны фестивальд оролцож л явлаа. Хөнгөн атлетикийн тамирчин байсан. Гэхдээ нэг их амжилт үзүүлж байгаагүй ээ” гэсэн юм.

Энэ бол түүний гэр бүлийн хүн А.Пүрэв гуайн залуу цагийн хөрөг ажээ. 

Ц.Раднаа гуайгаас “Таныг залуу байхад тамирчид тэмцээнд оролцохдоо зардлаа хэрхэн шийддэг байсан бэ” гэхэд “Цөөхөн тооны тэмцээн болдог байсныг ч хэлэх үү улс, аймгийнхан нь шийдээд өгчихдөг байсан юм. Харин одоо шигшээгийн тамирчин л биш бол өөрсдөө зохицуулж байна даа. Миний хувьд нэг удаагийн ДАШТ-д оролцохдоо таван төрөлд нь өрсөлдөхийг хүсвэл тус бүрт нь 30 гаруй ам.доллар өгч, мандатаа авна. Дээрээс нь ирж, очих зардал, хоол, байр гээд л. Гэхдээ намайг Польшд болсон ДАШТ-д оролцоод ирхэд манай аймгийн ЗДТГ-аас 7,6 сая, сумынхан зургаан сая төгрөг гардуулсан. Тэр мөнгөөрөө би сүүлд Австралид болсон тэмцээндээ “тонгочиж” байгаад ирлээ. Харин одоо ирэх арванхоёрдугаар сарын эхээр Малайзад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Гэхдээ нэг хүнийг дөрвөн төрөлд л оролцуулна гэсэн. Өмнөх ДАШТ шиг таван төрөлд оролцуулахгүй юм билээ” гээд голонгуй хариулав.

Энэ үед түүнээс асуумаар санагдаад “Та гавьяат тамирчны болзол хангасан болов уу” гэхэд “Хангагдсан. Дэлхийд түрүүлээд, рекорд амжилтыг нь эвдчихсэн юм чинь. Гэхдээ дараагийн тэмцээнүүдийг нь харах гэдэг юм байлгүй дээ” гэлээ.

Польш Улсад болсон ДАШТ-ий үе түүх болон үеийн үед үлдэнэ ээ. 

Түүний аав, ээж малчин хүмүүс байсан юм билээ. Аав нь 85, ээж нь 84 насандаа бурхан болсон гэнэ.

Онцлоход түүний аав залуудаа Өмнөговиос Сүхбаатар аймаг хүртэл тууврын мал хүргэхдээ морио хөтлөөд, гутлаа сугандаа хавчуулаад явган явсаар байгаад очдог байсан гэсэн. “Тухайн үед хүмүүс аавыг “Морио хайрлаад явган яваад байна” гэж хэлдэг байсан гэдэг. Үнэндээ бол эрүүл мэддээ анхаарч байсанд байгаа юм. Мөн аавын тэр чанар надад иржээ гэж боддог” гэсэн юм.

Ц.Раднаа гуайн залуу байхдаа аавтайгаа энэхүү зургийг татуулж байжээ. Тэрбээр залуу байхдаа нутагтаа "Ганган" Раднаа гэдэг байсныг охин нь дуулгав. Үсний засалт, хувцаслалтыг нь харахад үнэнг гэрчлэх мэт.  

Тэрбээр эхээс хоёулаа гэнэ. Газар дээрх ганц эгч нь аав, ээж шигээ мөнхөрсөн тул “Өнөөдөр надад төрсөн ах дүү алга. Гэхдээ би 10 сайхан үртэй. Тэд маань өдгөө бизнес эрхлээд сайхан амьдарч байна. Хамгийн том хүү Бадрах Биеийн тамирын газрын орлогч дарга хүртэл хийж явлаа. Тэр үед дархан аварга Х.Баянмөнх даргаар нь ажиллаж байсан юм. Тэр үед цаг үе хэцүү болоход ажлаа орхиж, бусдын жишгээр хувиараа бизнес эрхэлсэн. Гэхдээ би тэр үед Чех машинтай байлаа. Түүнийгээ зарж, бүх мөнгөөрөө мал аваад хөдөө гарсан. Хүүхдүүд маань тухайн үед малын захад гарч үзээгүй хэрнээ надтай хамт гүү барьж, хонь хариулж байв. Харин өрх тусгаарлах үедээ уул уурхай дагаж, тус тусынхаа амьдралыг хүнээс дутахааргүй болгосонд нь баяртай явдаг. Уг нь хүүхдүүдийн маань зарим нь спортоор хичээллэдэг байсан юм шүү. Одоо л малчин, уурхайчин болсон болохоос биш. Бадрах хүүгийн маань хул шүдлэн үрээ улсын баяр наадамд түрүүлж, биднийг хагартал баярлуулсан даа. Дүү нь уяа сойлгыг нь тааруулдаг юм. Ах, дүү хоёр хоёулаа аймгийн алдарт уяач цолтой. Би ч гэсэн залуудаа хурдан морины сүүл боодог байлаа. Сүйдтэй түрүү, айраг хүртэж байгаагүй ээ” гээд инээж байсан юм.

Аавын хүү болгонд заяагаад байдаггүй амжилтыг тэдний хоёр хүү гаргаж, төрийнхөө наадамд энэхүү үрээг магнайдаа тоосгүй ирүүлжээ. 

“Саяхан Кёкүшюзан Д.Батбаяр танд хоёр өрөө байр бэлэглэнэ гэж байсан байршил нь хаана вэ гэхэд “Хан-уул дүүрэг, “Вива сити” хороололын замын эсрэг талд баригдаж байгаа юм билээ. 20-иод хоногийн өмнө над руу өөрөө утсаар холбогдож, “Та хэдэн давхарт авах сонирхолтой байна вэ. Би тусгайлан засч өгөх гэсэн юм” гэнэ билээ. Тэгэхээр нь “Есөн хөлт их цагаан тугаа бодвол ес, жаргалын найман морио бодвол найм. Энэ хоёрын аль нэг байхад болно оо” гэхэд “За хүлээж авлаа” гэсэн. Баригдаад дуусахаар нь надад хэлэх байх аа” гэсэн юм.

Өрөөнийх нь хананд байрлах зарим өргөмжлөл нь. Бүгдийг нь цуглуулбал энэ өрөө багадах биз ээ. 

Ийнхүү цаг нэлээн орой болсон тул дахин уулзахын ерөөл өргөж, ирсэн гийчин буцдагийн адил хүлгийн жолоо залав аа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

85 насандаа дэлхийн аварга болсон Ц.Раднаа гуайнд зочиллоо  
Үзсэн: 4665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
НУТАГ [127.0.0.xxx] 2019-10-07 17:18
НУТГИЙН МИНЬ АХ ТАНД ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ...НЭГЭН ҮЗҮҮРТ СЭТГЭЛЭЭР, МОНГОЛ ХҮНИЙ ТЭВЧЭЭР ХАТУУЖИЛ, ЧАДАЛ, ЧАДВАРЫГ ХАРУУЛСАН ТАНД БАЯРЛЛАА.
Шавь [127.0.0.xxx] 2019-10-06 09:56
Монголын маань бас нэгэн бахархал...
bn,l [127.0.0.xxx] 2019-10-05 23:35
Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйлээр (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com)
Зочин [127.0.0.xxx] 2019-10-03 18:21
Монгол бахархал.
а [127.0.0.xxx] 2019-10-02 18:39
Хөөх, өчигдөрхөн л гүйлтийн хэдэн медалиудтай байсан чинь өнөөдөр нэг харсан чинь хүн цохиж алмаар том том одонгуудыг энгэр дээрээ бөөндчихсөн байна ш дээ. Гавьяа байгуулсан хүн авалгүй яахав, гэхдээ л настай хүнийг ингэж хүнд хүнд олон үзүүртэй төмрүүдээр дарж болохгүй ээ, пооп Ерөнхийлөгчөө
Зочин [127.0.0.xxx] 2019-10-02 13:58
Кёкүшүзан Д.Батбаяр өөрөө тамирчин хүн болохоор тамирчны хөлсний үнэ цэнийг их сайн мэддэг олон тамирчныг дэмжсэнд талархаж үнэлж байдгаа энэ дашрамд дурдъя. Сайн үйл нь мөнхрөгөө. Ц.Раднаа гуай Та шүү жинхэнэ ИХ МОНГОЛ баярлалаа танд

Бидэнтэй нэгдээрэй