Шууд Chart

Хөнгөний дэлхийн аваргын эхний хоёр өдөр ийнхүү өнгөрлөө

2019-10-01 14:06:01

Дэлхийн аваргын нэг дэх өдөр

Энэ өдөр ганц л финалын уралдаан болсон. Тэр нь уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн марафон. Фаворитыг нь хүн бүр дэлхийн аварга цолоо хамгаалах гэж буй бахрэйн бүсгүй Роүз Чэлимо гэж бодож байсан байх.

Кенид төрсөн ч Бахрэйний өмнөөс уралддаг Чэлимо нэлээн хожуу уралдаж эхэлсэн ч сүүлийн жилүүдэд тун бузгай байгаа. Лондонгийн дэлхийн аваргад түрүүлснийхээ дараа өнгөрсөн жил Азийн наадамд мөн алтан медал хүртсэн.

Гэхдээ хөнгөний фэнүүдийн хувьд өөр нэр санаанд нь түрүүлж орж байсан байх. Энэ бол Кенийн Рут Чэпнгэтич. Яагаад гэвэл оны эхээр болсон Дубайн марафонд түүний үзүүлсэн амжилт нь бүх үеийн түүхэнд гуравт орсон үзүүлэлт болсон юм. Тэргүүн байрыг домогт Паула Радклиффэ эзэмшдэг. Үнэхээр ч кени бүсгүй энэ жилийн дэлхийн аваргаас алтан медал авч чадсаан. Хэдий тэр Чэлимогийн өмнө гишгэсэн ч гүйсэн хугацааг нь харвал бүх үеийн хамгийн удаан гүйсэн дэлхийн аварга болов. Гэхдээ л аварга бол аварга.

Энэ өдөр эрчүүдийн 100 м-ийн урьдчилсан гүйлтүүд болсон. Энэ цагийн сорууд яах аргагүй торойгоод гараад ирсээн. Эрчүүдийн уртын харайлтын урьдчилсан харайлтад Кубын Хуан Мигел Эчеверриа 8,40 м харайсан нь сүүлийн 10 жилд урьдчилсан шатанд харагдаагүй үзүүлэлт байлаа.

Дэлхийн аваргын хоёр дахь өдөр

100м, эм

Эхний шатанд тамирчид зургаан хэсэгт хуваагдан гүйсэн. Нэгдүгээр хэсгийн нэрс дунд 2013 оны Москвагийн дэлхийн аваргын мөнгөн медалт, ЗЯЭрэг улсын Муриэллэ Ахурэ, олимпийн хоёр, дэлхийн гурван удаагийн аварга Ямайкын "хөгшин хатагтай" Шелли-Анн Фрэйзер-Прайс нар ялгарч байлаа. Ямайк нь хол тасарч араас нь Ахурэ бусдаасаа тасарч барианд оров. Хоёр дахь хэсэгт өмнөх дэлхийн аваргын мөнгөн медалт, ЗЯЭргийн Та Лу бусдаасаа гоц харагдаж байсан. Хол түрүүлсэн.

Гурав дахь хэсгийн гүйгчид дунд Риогийн олимпийн аварга, Ямайкын Элайнэ Томпсон болон 2011 оны Тэгугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Тринидад Тобаго улсын Келли-Анн Баптистэ нарын том нэрс харагдаж байв. Ямайк нь түрүүлж, нөгөөх нь удаалав. Гэхдээ энэ хэсгийнхэн бөөн дундаа бужигнаад тун ч ойрхон орсон доо. Дөрөв дэх хэсэгт Английн залуу од, дэлхийн чансааг тэргүүлж буй Дина Ашер-Смит илт ялгарч байсан. Уралдсан ч илт ялгарч түрүүлэв.

Тав дахь хэсэгт хөнгөн сонирхогчдын хуучин танил, Нигерийн Блэссинг Окагбарэ тууж явсан. Харамсалтай тэр сүүлийн байранд оров. Зургаа дахь хэсэгт харин миний хайрт Дафнэ минь багтсан байлаа. Сүүлийн хоёр дэлхийн аваргаас мөнгө, хүрэл хүртээд буй улбар шар бүсгүй маань асуудалгүй тэргүүлсээн. Хачирхалтай нэг юм нь энэ хэсэгт дэлхийн чансаанд 1084-т жагсаж байгаа макао бүсгүй байх юм.

100м, эр

Хагас шигшээд гурван хэсэгт хуваагдан гүйсэн. Эхний хэсэгт Америкийн Кристиан Коулмэн өрсөлдөгчгүй торойв. Тэгэх нь ч зүйн хэрэг. Өмнөх дэлхийн аваргаас мөнгө авч байсан тэр энэ улирал ямар ч өрсөлдөгчгүй шахам байгаа. Хоёр дахь хэсэгт Лондонгийн олимпийн мөнгө, Тэгугийн дэлхийн аваргын алтан медалт, Ямайкын Ёхан Блэйк болон аль хэзээний Жастин Гатлин нарын дунд гол өрсөлдөөн болох учиртай байв. Гатлины хувьд өдгөө 37 настай, тэртээ 2004, 2005 онуудад олимп дэлхийн аварга болж байсан эр. Бас болоогүй дэлхийн чансааг тэргүүлж яваа. Гэвч Канадын Андрэ Дэ Грассэ энэ хоёрын өмнүүр орчив. Гурав дахь хэсэгт тун жигдхэн нэрс байсан. Жигдхэн ч уралдав. Өмнөд Африкийн Акани Зимбинэ түрүүлсэн.

Ингээд шигшээ уралдаан болоход Коулмэн хэнийг ч хамаагүй тасдаад идчихээр л араатан мэт харагдаж байлаа. Үнэхээр ч хол тасархай уралдав. 9,76 сек гүйсэн нь түүний хувийн дээд амжилт. Удаах байранд хөгшин Гатлин. Ээжтэйгээ тэврэлдээд л хоёулаа бөөн баяр. Мөнгө авсандаа сэтгэл нь ханасан бололтой. Хүрэл медалийг Дэ Грассэ авсан.

Дүүгүүр шидэлт, эм

Америкийн Берри юу болчив доо. Эхний гурван шидэлтээ бүгдийг нь торноос унагаад мулт. Уг нь дэлхийн чансаанд дөрөвт яваа хүн шүү дээ. Польшийн Жоанна Фёдоров эхний шидэлтээрээ шууд 76.35 шидээд бүгдийнх нь зүрхэнд шар ус хуруулж орхисон. Америкийн ДэАнна Прайс харин гурав дахь оролдлого дээрээ 77.54 метр шидэж чадсан. Хэн ч түүний өмнө орж чадсангүй ээ. Энэ төрөлд алт авч байгаа анхны америк гэхээр хачин шүү. Польш бүсгүй мөнгө дээр буусан. Хэн хэн нь өмнө нь төдийлөн том амжилт гаргаагүй явсан. Аль аль нь бөөн баяр. Америк нь уйлаад л. Польш бүсгүй өөрөө дэлхийн аварга болсон мэт л талбай дээгүүр хэчнээн ч гүйв. Хувийн дээд амжилтаа тогтоосондоо тэгж хөөрөв үү яав. Бүр сэтгүүлчдийн дээгүүр харайж үзэгчдийн талбай руу давхиж очсон шүү.

Хүрэл медалийг Хятадын Жен Вон авсан. Нөхөр шийдвэрлэх шидэлтээ дотор унагачаад мөн ч их бухимдсан даа. Украины Ирина Клымец медалаас мултарчаад бүжээд байсан нь инээд хүргэсэн гэж.

Уртын харайлт, эр

Өмнөх өдөр нь супер харайсан куба залуу байдгүй шүү. Дээд тал нь дөнгөж 8.34. Нервтээд л. Дэлхийн чансааг тэргүүлж байгаа хүн өөртөө сэтгэл дундуур байхаас яахав. Тэгэхэд Ямайкын Тажай Гэйли шууд анхных дээрээ л 8.46 харайж аймаар босго тогтоов. Нөхөр дөрөв дэх дээрээ бүр 8.69 харайсан. Аав нь хашгирч босоод хавийн амьтан цочиж хараад гоё юм болсон. Энэ бол бүх үеийн 10 дахь сайн үзүүлэлт. Хэн ч энэ супер амжилтыг энэ өдөр эвдэх янз алга. Тэр аварга болов. Риогийн олимпийн мөнгөн медалт, Америкийн Жефф Хэндерсон мөнгө дээр буучаад сэтгэл дундуур үлдэнэ лээ. Хүрлийг куба залуу авсан.

400 метрийн холимог буухиа

Энэ дэлхийн аваргаас шинээр орж байгаа төрөл. Бас сонирхолтой юм бн шүү. Нэг эрэгтэй яваад араас нь хоёр эмэгтэй тэгээд эрэгтэй. Хагас шигшээ нь энэ өдөр болсон. Эхний хэсэгт англичууд маш сайн явж байснаа бариан дээр дөрөв рүү шидэгдэв. Хоёр дахь хэсэгт алалцаж бнаа. Гэтэл гурав дахь солилцоо дээр гэнэтхэн нээх өндөр ази хүүхэн тэр хойноос гүйж ирээд бүгдийг нь идчив. Гайхаад хартал эрэгтэй гүйгч. Аа мөн хол тасархай барианд очсон доо. Үхтлээ л инээлээ. Сүүлийн гүйгчээр нь мэдээж эмэгтэй. Бузгай хол эхлүүлсэн тэр гэхдээ тун удалгүй арынхаа бүх долоон гүйгч залууд бүгдэд нь "бавуулав". Татаж унатлаа инээв, гэхдээ хажуугаар нь хөөрхийг бас өрөвдөв.

Тулгууртай харайлт, эр

Францын Лавелин яачваа. Дөнгөж 5.70 дээгүүр гарч чадахгүй сэтгэлээр унасаар байгаал таарлаа. Финал гурав дахь өдөр болно. 5.75 дээгүүр гарчихсан дөрвөн харайгч байгаад байдаг.

10,000 м, эм

Сифан Хассан хэмээх улбар шар бүсгүй африкчуудын 22 жилийн ноёрхлыг зогсоов. Гэхдээ гарлыг нь хөөвөл этиоп бүсгүй л дээ. Холын зайг харж байхад бүх л улс Африк тамирдчыг нэр дээрээ уралдуулах юм. Зүйрлэвэл манайд бүгд сүхбаатар адуу авчихаад хоорондоо үзээд байдаг шиг л.

50 км спорт алхаа

Эрчүүдэд нь Японоос түрүүлсэн бол эмэгтэйд нь хоёр Хятад дараалан оров.

Эцэст нь тэмцээний талаар сэтгэгдлээ хэлэхэд цэнгэлдэх бол гоё юм аа. 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга гоё цэнгэлдэхэд болох юм бн. Гэрлийн шоу энэ тэр бол солиотой. Тамирчдаа танилцуулж байгаа нь усанд сэлэлтийнх шиг гоё бн. 100м дээр бол бүтэн нэрийг нь 100 м замд гэрлээр бичээд янзтай. Нэг гэм нь үзэгч тун муутай болж бн. Хөлбөмбөгийн дэлхийн аварга болон олимпийн наадмын дараа ордог том тэмцээн шүү дээ. Бас жигтэйхэн халуун бгаа болтой. 40 хэмд л үзээд бгаа гэхдээ цэнгэлдэх дотроо хэмийг барьж байгаа бх. Дэлхийн аварга Кевин Майер лав "Яах гэж энэнд эрх өгсөн юм" гээд бөөн ундууцсан байна билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөнгөний дэлхийн аваргын эхний хоёр өдөр ийнхүү өнгөрлөө  
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй