Шууд Chart

Д.Онон: Монголын морин уралдаан бол өв уламжлал, эрчүүдийн цагаан өрсөлдөөн шүү дээ

2019-10-02 10:39:41

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Ононтой хурдан морины сэтгэлийг хэрхэн тогтоож, зөв уях талаар тодрууллаа. Тэрбээр “1990-ээд оны сүүлч үед өвс ногооны гарц жаахан тааруухан байсан үед амьдралаас гарч ирсэн ухаан. Урьд нь бол морины уяаг хөлс, тар гээд л уячихдаг байсан. Тэгээд мориндоо яагаач үгүй эрт сэтгэл суулгачихдаг байлаа. Эрт сэтгэл суучихсан адуу чинь наадам болох өдөр хүүхэд авч давхиад хэцүү байсан л даа. Энэ аргыг арай өөрчлөөд, хөлсийг нь бага авч, давхилыг нь их, сэтгэлийг нь тогтоож уясан юм. Ер нь морь уяна гэдэг чинь сэтгэлийг нь дарж, тогтоох л юм шүү дээ. Уяа нь зөв морь бол унтаад, эсвэл их идээд л байдаг. Ийм морь биендээ ямарч зовиургүй байна гэсэн үг. Урьд бол цагаан өвсөөр л уядаг байлаа. Наадам ч цөөхөн байсан. Одоо бол уяа морь жилийн дөрвөн улирлын турш гар дээр байна. Морь уяна гэдэг морио уралдаж сургах, амьсгааг нь зөв задлах, эрүүл байлгах л юм шүү дээ. Ер нь хүн морь уяж байх явцдаа өглөө болгон уяан дээрээ очиж, уяа морьдоо ажиглаж байх хэрэгтэй” гээд ярилцлагаа эхлэв.

-Танд би энэ асуултыг тавья гэж зорьж байлаа. Одоо зүүн зүгийн адууг хурдан гээд л Сүхбаатар руу хошуурч байна. Урьд нь бол Галшар адуу гээд л хошуурч байсан. Ер нь зөв үржүүлэг хийснээр дундаас нь сайн адуу гараад байна уу. Заавал зүүн зүгийн адуу хурдан байгаад байна уу ...

-Монгол адуу шиг тэсвэр тэвчээртэй онд орох чадвар сайтай адуу ховор. Хурдны чиглэлийн адууг чинь Галшар адуу гээд гаргачихсан шүү дээ. Галшар адууны тарж дэлгэрсэн нь Сүхбаатарт тархаад одоо хурдалж байна. Газар газрын олон адуу авчраад, дундаас нь сайн юм тэрийн болгон гарахгүй. Адууг цөм дотор нь барьж байх ёстой юм. Нэг удмын адууг гурав дөрвөн үе явуулж байгаад, дөрөв тав дахь үе дээр нь буцаагаад цусанд нь нийлүүлэх ёстой юм л даа. Тэгэх юм бол цөм дотроо хурдныхаа генийг барьж байх ёстой. Хоёр талаасаа тавь тавин хувийн цустай болж байгаа юм. Ахиад өөр цусны адуутай нийлүүлэхэд 25 хувь болоод л тасалдана. Хурдны чиглэлийн адууны цус орж байж л хурдан адуу гардаг юм. Бидний өмнөх үед Галшар адуу хурдалж байсан. Харин бидний үед тойруулга адуу хурдалж байлаа. Миний бодлоор Галшар адуу руу хүн бүхэн хошуурч байх үед тойруулгаас хэдэн үрээ аваачиж цусыг нь сэлбэсэн бол өдийд хурдалдагаараа хурдалж байх ёстой байсан юм. Ганцхан сумын хэмжээнд байгаа юм болохоороо амархан юм байна лээ шүү дээ. Одоо Сүхбаатарынхан их сорчилж зарж байна. Одоохондоо тэсээд л байна. Гэхдээ малчид их ухаантай улс шүү дээ, хурдаа авч үлдэхээ мэдэж байгаа байх.

-Саяны уяачдын хурлаар эрлийз адуунд стандарт тогтоох тухай ярилцсан байсан.

Тиймээ. Эрлийз гэдэг үг ярианы хэлэнд л байдаг юм. Уул нь “Шинэ Монгол адуу”, “Сайжруулсан монгол адуу” гэж бичих хэрэгтэй.Ингэж хэвшвэл сайн юм. Сая уяачдын хурлаар шийдвэр гарлаа. Хурдны чиглэлийн адуундаа нэг стандарт тогтоогоод тэрэндээ таарсан адуу бол уралдаж болно гэсэн үг. Хүний адууг тамгаар нь ялгачихаад байсан. Адилхан эрлийз адуу мордуулахад манайхыг тамгаар нь хүртэл ялгачихаад байсан шүү дээ. Уяаны морьдын үед хэл ам хийх хамгийн буруу. Монголын морин уралдаан бол өв уламжлал, эрчүүдийн цагаан өрсөлдөөн шүү дээ.

-Ойрын 20-иод жил өө өгөөгүй дөрвөн их насны морьд төрсөн гэдэг. Ханддоржийн хонгор халзан, Доржсүрэнгийн хээр, таны хээр морь, сангийн сайд Улааны зээрд гээд энэ дөрвөн морийг нэрлэдэг юм байна лээ. Одоогоор таны бодлоор сайн их насны морь, азарга хоёр төрж байна уу.

Одоо бол ерөнхийдөө адуу жижгэрчихлээ шүү дээ. Бат-Эрдэнийн хүрэн морь, Улс халзан эд нар бол хурдны чиглэлийн яс хөнгөнтэй адуунууд юм. Тэрнээс аварга хийцтэй адуу ч ондоо л доо. Сүүлийн үед адуу давжаарч жижгэрсэн нь Орос руу агтанд адуугаа их сорчилж явуулсантай холбоотой. Оросууд дандаа бага насны адууг шилж, өндөр нь 130- 135 см-тэй адууг авдаг байж л дээ. Түүнээс 125-130кг мах гардаг байж. Дандаа сорчилж адуунаасаа өгсөөр байгаад монгол адуу жижгэрчихсэн. Түүнээс биш дээхнэ үед морь шиг , морь шиг гүүнүүд наадам дээр унаад явдаг байлаа. Сайн адуу төрүүлэхийн тулд эхлээд гүүгээ бэлдэх ёстой. Тэгэхээр том товируун аман хүзүү, түүшүү сайтай, эрүүний зуулт яс томтой азаргыг сонгож тавих хэрэгтэй. Одоо бол хурдны чиглэлийн азаргаар азарга тавьж байгаа учраас хөнгөн ястай, жижиг биетэй адуу их гарч байна.

-Наадмын дараа уяа морьдыг усанд их уядаг болсон. Анх уяа морьдыг усанд уясан хүн бол та шүү дээ. Би бага байхдаа нүдээрээ харж байлаа. Усанд уях нь цээж муутай адуунд хэр байдаг вэ?

-Хөлд нь цус буусан, дотор эмгэгтэй адууг 6-7 хоног өвдөгнөөс доош татахаар харгиатай усанд зогсоох хэрэгтэй. Түүнээс уралдсан болгоныг уяж болохгүй ээ. Цээж муутай адууг усанд уях хэрэггүй байдаг юм.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Онон: Монголын морин уралдаан бол өв уламжлал, эрчүүдийн цагаан өрсөлдөөн шүү дээ  
Үзсэн: 1608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэн [127.0.0.xxx] 2019-10-02 14:09
нутгийн хүү хэтэрхий мэдэж байгаа дүр үзүүлэх шаардлагагүй, монгол адууны цусыг хольж бузарлах хэрэггүй .. шунал хэтэрвэл аюултай !!!!!!!!!!!
Зочин [127.0.0.xxx] 2019-10-02 13:45
Эрчүүдийн цагаахан өрсөлдөөн юм бол уясан эрчүүд нь өөрсдөө морио унаад уралддаг болговол таарна. Хэрэв тэгвэл олон талын ашигтай . Том том гүзээтэй уяач нэртэй чихтэй гүзээнүүдэд я хэрэгтэй.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-02 13:06
Битгий худлаа нэрлх л дээ. Нэртэйгээр нь би та нарыг л бодож амьд явна, эх дэлхий улс орноо бодож хооллож явдаг гээд хэл. Энэ чинь бизнес шүү дээ. Та нарын амин зуулга. Жоохон хүүхдүүд, адгуусыг зольж амь зуудаг.
зочин [127.0.0.xxx] 2019-10-02 12:50
цагаан өрсөлдөөн ч бишээ харин жинхэнэ хор шартай их мөнгөний бооцоотой, хурдан морио худалдаж ашиг олдог хар өрсөлдөөн байх шүү хүүхдийн амь насыг хохироон гэмтээж бэртээн хөгжлийн бэрхшээлтэй болгодог ёс заншил
Зочин [127.0.0.xxx] 2019-10-02 12:47
ЦУС ОЙРТООД САЙЖИРДАГ ЮМ БОЛ АЧ ЗЭЭ НАРАА ХООРОНД ГЭРЛҮҮЛЭЭД МУНДАГ УЯАЧ ХҮҮХЭД ТӨРӨХ НЬ ХАРААРАЙ? ТАНЫ АДУУГ 4ҮЕЭСЭЭ МОНГОЛ ЦУС НЬ ИХДЭЭД ЯВАХАА БОЛИХООРНЬ ГАДАД ЦУС ОРУУЛЖ БАЙГААГ ЧИНЬ АЙЛ СААХАЛТЫХАН ЧИНЬ БҮГД МЭДЭЖ БАЙГАА, ХАРИН ЭНИЙГЭЭ ЦУС ОЙРТУУЛАЛТ ГЭЖ ХУДЛАА СУРТАЛЧИХАА БОЛИОРОО ХӨ
gerel [127.0.0.xxx] 2019-10-02 11:51
xyyxediin xodolmor shylsan, xyyxed tamlasan morinii yraldaan gex yy dee. Xyyxed xezee ynyylaxaa bolix yum bol oo.

Бидэнтэй нэгдээрэй