Шууд Chart

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2019-10-05 09:21:37

УИХ-ын чуулганы 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан дээрх хуулиудад тодорхой зүйлүүдийг тусгасан гэдгийг тодотгосон. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөрчлийн хугацаа тоолох зохицуулалттай уялдуулж, улмаар зарим гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг боловсронгуй болгохоор өөрчилсөн гэдгийг сайд онцолсон. Мөн аргагүй хамгаалалтын зохицуулалтанд хамрах хүрээг өргөжүүлж, эрх хасах, хорих зэрэг зарим ялын хэмжээтэй холбоотой зохицуулалтын зөрчлийг арилгасан байна.

Түүнчлэн зарим төрлийн гэмт хэрэг, тухайлбал, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бэлгийн дарамт учруулах, гүтгэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргийг тусгах, зарим гэмт хэргийн шинжийг ерөнхий ангид заасан нэр томьёотой нийцүүлсэн гэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шүүх хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүгч нэмж оруулах болон бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг ялгаж тусгайлан зохицуулахаар тусгажээ. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс прокурорын даалгаварт мөрдөгч санал бичих, мөн зарим тохиолдолд мөрдөгч даалгавар бичих эрхтэй байхаар зааж, мэдүүлэг авах тухай бүлэгт үндсэн шаардлага болон тусгагдсан боловч зарим нэг оролцогчийн эрхэд тусгагдаагүй асуудлыг тухайлан тусгасан байна.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Усан замын тээврийн тухай хууль зөрчих, Төрийн болон албаны нууцын тухай хууль зөрчих, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль зөрчих, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль зөрчих зөрчлийг нэмсэн байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулагдаагүй аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж болон Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний акт гаргах талаар тусган холбогдох зөрчлийг хуульд тусгажээ.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийг багасгах, хэрэглэх албадлагын арга хэмжээг хасах талаар холбогдох байгууллагаас гаргасан саналд үндэслэн торгох шийтгэлийг хэмжээг багасгах, тусгай ангид заасан зарим албадлагын арга хэмжээг хасахаар тусгалаа. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар тусгалаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, зөрчил шалгах зарим ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэхээр зохицуулсан нь давхардал, хийдлээс гадна салбарын хүрээнд тус хуулийг хэрэгжүүлж байгаа улсын байцаагчдын дунд ойлголтын зөрүү бий болох зэргээр бэрхшээл үүсгэж байгааг өөрчилж, нэгтгэн зохицуулсан гэлээ.

Тусгай журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахаар заасан баривчлах шийтгэл бүхий зөрчлийг шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор холбогдогчийг дуудан ирүүлэх, зөрчлийн хэргийг нэгтгэх, тусгаарлах журмыг хуульд шинээр нэмж зохицуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх журам, үндэслэлийг тодорхой тусгасан гэлээ.

Түүнчлэн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтан өөрөө зөвшөөрсөн тохиолдолд өдөрт 4 цагаас ихгүй хугацаанд нийтэд тустай ажил хийдэг байсныг өөрчилж, 8 цагаас ихгүй хугацаанд хийж болохоор тусгажээ.

Хууль зүйн байнгын хороо 10 дугаар сарын 03-ны хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ынгишүүн Ш.Раднаасэд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар, УИХ-ын гишүүн О.Батнасан гэмт хэргийн хохирол, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлогын талаар асуулт асууж, хариулт авч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Батзандан, Б.Пүрэвдорж нар төсөлтэй холбогдуулан үг хэлсэн бөгөөд төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.


Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-15 10:43
Хурлын үйл ажиллагааг сонсмоор байна, Видогоор нь тавиач?

Бидэнтэй нэгдээрэй