Шууд Chart

Ө.Шийрэв: “Монголын нинжа дайчид" шоу цацагдсанаас хойш олон хүн баяр хүргэсэн

2019-10-05 13:42:49

МҮОНРТ Японы TBS телевизийн “Сасүке нинжа дайчин" шоуг “Монголын нинжа дайчид" нэрээр үзэгчиддээ хүргэж эхэлсэн. “Монголын нинжа дайчид" шоуны шилдэг оролцогч, сумын начин, Архангай аймгийн ЕБС-ийн V сургуулийн 12б ангийн сурагч Ө.Шийрэвтэй утсаар холбогдож ярилцлаа.

Ташрамд дуулгахад, Азийн хамгийн алдартай “Нинжа дайчид” шоуны хоёр дахь дугаар энэ сарын 6-ны ням гарагт 21:10 цагаас МҮОНТ-ээр үзэгчдэд хүрнэ.

-Сайн байна уу Шийрэв ээ. Хичээл сурлага нь өндөр үү. Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Хичээл сурлага өндөр байгаа. Би Архангай аймгийн Их тамир сумын уугуул. Чөлөөт бөхөөр хичээллэдэг. Монголын хүүхдийн спортын VI их наадмын 80 кг-д зодоглож, мөнгөн медаль хүртсэн. Өнгөрсөн зун сумынхаа наадамд зодоглож, тав давж сумын начин цол авсан.

-“Монголын нинжа дайчид" шоунд оролцох шийдвэр хэрхэн гаргав?

-Манай сургуулийн биеийн тамирын багш Ж.Мөнхбат, Т.Пүрэвцогт нар надад “МҮОНРТ “Монголын нинжа дайчид" телевизийн экстрим шоуг эх орондоо хийх гэж байна. Миний хүү оролцоход яг тохирно. Багш нар нь чамайг чадна гэж бодож байна” гэсэн. Би ч зөвшөөрч намайг бүртгүүлсэн. Дараа нь шоуны баг Архангай аймаг ирж надтай уулзаж, урьдчилсан шалгаруулалт, проб авсан. Хэд хоногийн дараа “Баяр хүргэе. Та “Монголын нинжа дайчид" телевизийн нэвтрүүлгийн оролцогч боллоо” гэсэн хариу ирсэн.

-Өмнө нь “Нинжа дайчин” шоуны дугаарыг үзэж байсан уу. Өөртөө ямар зорилго тавьсан бэ?

-. Би өмнө нь Японы “Sasuke Ninja warrior” шоуны зарим дугаарыг харж байсан.

-Зурагтаар үзэх, өөрөө оролцох хоёр хэр ялгаатай санагдав?

-“Sasuke Ninja warrior” шоуг хараад дөрвөн үе болон саад, даалгаврууд нь сэтгэлд багтаад байсан. Тэгээд яг өөрөө биелүүлсэн чинь зурагтаар харагддаггүй маш олон бэрхшээл гардаг юм билээ. Жишээлбэл, булчин шөрмөс ядрах, гар цуцах. Бүр гуравдугаар үед биеийн үе хөдлөхөө больчихсон. Мөн зураг авалт шөнө хийгддэг учир нойр их нөлөөлсөн.

-Бэлтгэлээ хэрхэн базаав?

-Чөлөөт бөхийн тамирчид үсэрч харайх болон хүчний бэлтгэл хийдэг. Тиймээс миний хийдэг бэлтгэл нэг талаараа “Монголын нинжа дайчид” шоуны даалгаврыг биелүүлэхэд тохиромжтой. Нөгөө талаас тогтмол бэлтгэлтэй байсан гэж хэлж болно. Харин шоуны зураг авалтын өмнө хоёр багшийнхаа удирдлага дор 15 хоног уртасгасан цагаар, эрчимжүүлсэн бэлтгэл хийсэн.

-Хамгийн хэцүү саад юу байв?

-Эхний шатанд ороход намрын сэрүү орчихсон, хяруу буусан. Нэгдүгээр үеийн “Таван алхамт” даалгаврыг биелүүлэхэд халтираад байсан. Бэлтгэлээ сайн базаасан болохоор эхний үеийн бусад даалгавар, саад хэцүү санагдаагүй.

Харин хоёрдугаар үеэс шилэн хананы дундуур явдаг “Аалзны алхаа” гар, хөл халтираад бэрх санагдсан. Гуравдугаар үеийн даалгаврууд улам хүнд юм билээ. Хоёрдугаар үеээ давчхаад тэр шөнөө үүрээр гуравдугаар үеийнхээ даалгаврыг биелүүлсэн.

-Бусад оролцогчдоос давуу тал тань юу байв?

-Бусад оролцогч ихэвчлэн 25-35 насныхан байсан. Миний хувьд 17 настай, ЕБС-ийн сурагч болохоор бусад оролцогчоос илүү хөнгөн шингэн л дээ.

-Шоуны эхний дугаарыг үзсэний дараа ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-“Монголын нинжа дайчид" телевизийн шоуны анхны дугаар цацагдсанаас хойш таарсан хүн бүр надад баяр хүргэсэн. “Дэлхийн хэмжээний маш сонирхолтой шоу байна. Миний дүү ийм том шоунд маш амжилттай оролцлоо” гэж хэлж байсан. Би ч үзэгчийн хувиар “Монголын нинжа дайчид" шоуны эхний дугаарыг үзсэн. Монголчууд спортын бүх л төрлийн тэмцээн, уралдааныг үзэх дуртай болохоор “Монголын нинжа дайчид" шоу хүн бүрт таалагдах байх. Би спортоор хичээллэдэг, дур сонирхолтой учир ийм шоу үзэхийг хүсдэг байсан. Тэр шоундаа өөрөө амжилттай оролцсондоо маш их баяртай байна.

 













Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ө.Шийрэв: “Монголын нинжа дайчид" шоу цацагдсанаас хойш олон хүн баяр хүргэсэн  
Үзсэн: 3771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Баттулга [127.0.0.xxx] 2019-10-08 21:48
Ийм нэвтруулгээ зуны дулаанд хийхгуй, зунжингаа угсраад намар оройтож байхад эхлуулэх юм, тэнэгийн ухаан удээс хойш гэж.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-08 21:03
Hoorhon mundag hvvd amjilt hvsi
Зочин [127.0.0.xxx] 2019-10-06 20:53
Mundag duu shuu ugaasaa
Зочин [127.0.0.xxx] 2019-10-06 11:23
mundg bsn shvv minii dvv tsaashdaa ulam ih hicheeged ilvv ih amjilt gargj aaw eej nutag usniha nerg delhi dawtsand dursgarai.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-06 11:08
Ер нь хамгийн шилдэг нь байх шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-05 22:00
Маш сайн бна гайхалтай. Илүү их хүчтэй зоригтой бай. Чи чадна. Амжилт хүсэе.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-05 20:07
Monday Baisan shuu
Зочин [127.0.0.xxx] 2019-10-05 15:48
ystoi mundag bsan shvvv amjilt
Зочин [127.0.0.xxx] 2019-10-05 14:53
хамгийн мундаг н байсан шүү мундаг залуу мин хичгэдл байгарай бахархдаг шүү

Бидэнтэй нэгдээрэй