Шууд Chart

Зааны ой санамж маш сайн

2019-10-08 12:07:07

Заан нь одоогоор хуурай газар дээрх хамгийн том хөхтөн амьтан юм. Манай гараг дээр 400 гаруй төрөл зүйлийн заан нутаглаж байснаас Ази болон Африк гэсэн ерөнхий хоёр төрөл үлджээ. Африк заан нь биеэр том ба том чихтэй байна. Мөн эм Африк заан соёотой байхад Ази эм заанд соёо байдаггүй. Зааны тоо толгой багассаар байгаа ба 2007 оны судалгаагаар Африк тивд 470.000-690.000 орчим байна.

Хамгийн том заан 1956 онд Ангол улсад бүртгэгдсэн байдаг. Мөрний өндөр нь 4.2 м ба жин нь 12 тн байжээ. Эм заан 22 сарын турш үр төлөө тээдэг ба энэ нь хуурай газрын амьтдаас хамгийн удаанд тооцогдоно. Дөнгөж төрсөн зааны тугал дунджаар 120 кг байна. Заан 50-70 наслах ба хамгийн өндөр насласан нь 82 хүрсэн тэмдэглэл бий.

Заан нь урт хамар (хошуу), том чихээрээ онцлог ба богино хүзүүтэй. Зогсож байхдаа амаа газар хүргэж чадахгүй тул өвдгөө нугалан тонгойх, эсвэл булчинлаг урт хамраа ашиглан хоол тэжээл, ус гэх мэтийг амандаа авч хийдэг. Мөн хамраараа ус сороод биерүүгээ шүршин усалж сэрүүцнэ. Зааны хамрын үзүүр маш мэдрэмтгий эвлэг ба самар зэргийн жижиг зүйлийг ч чадварлагаар чимхэн авч чадна.

Үнэрлэх чадвар сайн хөгжсөн ба хамраа өндөрт сунгаж салхиар үлээгдэн ирэх үнэрийг ялгадаг. Сонсгол сайн боловч хараа муутай, өнгө ялгахгүй. Зааны том чих нь судсаар дүүрэн ба энэ нь гүйсэн цусыг хөргөж биеэ сэрүүцүүлэхэд тусалдаг гэж эрдэмтэд үздэг аж. Африк эр зааны соёоны урт 3.5 м, жин нь 90 кг хүрэх тохиолдол бий. Ховор, өндөр үнэ хүрэх соёоноос болж хулгайн анчдын гарт өртөж алуулах нь цөөнгүй билээ.

Зааны тухай сонирхолтой баримтыг та бүхэнд сонирхуулъя.

1. Заан бол эрт цагт амьдарч байсан арслан зааны ойрын төрөл.

2. Зааныг хулганаас айдаг гэдэг нь зүгээр л тархсан яриа.

3. Заан маш сайн ой санамжтай. Өөрийг нь гомдоосон бол мартахгүй. Сайхан сэтгэлийг ч бас мартахгүй.

4. Заан хуурай газар дээрх хамгийн том амьтан.

5. Зааны зүрх 25-30 кг байдаг. Ердийн үед секундэд хоёр удаа цохилж цусаа шахдаг байна. 

6. Заан хоногийн 20 цагийг хоол тэжээл идэхэд зориулдаг.

7. Нас бие гүйцсэн заан өдөрт 100-200 литр, түүнээс ч их ус уудаг.

8. Заан дунджаар 50 насалдаг. Хамгийн урт насалсан заан 86 хүрч байжээ. 

9. Зааны их бие найман литр ус шингээж чадна.

10. Зааны үнэрлэх чадвар сайн.

11. Зааны соёоны дундаж урт сүүлийн зуун жилд эрс богиноссон гэнэ. 

12. Заан дунджаар таван тонн жинтэй.

13. Заан сүргээр амьдарч, сүргийг хамгийн туршлагатай эм заан удирдана. Удирдагч нас барсан тохиолдолд л дараагийн удирдагч тодорно. Сүрэгт ихэвчлэн эм заанууд амьдарч эр заанууд тусдаа амьдардаг.

14. Эм зааны ороо жилийн хэдхэн хоногт л ордог байна.

15. Эм заан тугалаа 22 сар тээнэ.

16. Шинэ төрсөн тугал ойролцоогоор 100 гаруй кг жинтэй байдаг.

17. Заануудад нас барагсдаа оршуулдаг өөрийн гэсэн заншил бий. Сүргийн аль нэг нь үхэхэд бусад нь нэг их гүн биш нүх ухаж оршуулаад дэргэд нь хэдэн өдөр чимээгүй зогсоно.

18. Зааны шүд жилд 6-7 удаа солигдоно. Хамгийн хөгшин, шүд нь унаж гүйцсэн зааныг хооллоход сүрэг нь тусална.

19. Хүний сүүн шүд солигддогийн адил зааны тугалын сүүн соёо нь солигдоно.

20. Заанууд хүн шиг баруун, солгой гэж байна. Энэ нь ихэвчлэн соёот заан ажил хийхэд илүү анзаарагддаг байна. Дийлэнх заан баруун байдаг ажээ. 


Зааны ой санамж маш сайн   
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй