Шууд Chart

Дулааны аргаар боловсруулсан махны экспорт 11.8 мянган тн хүрчээ

2019-10-09 09:36:31

Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 23 болон 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 26 дугаар тэмдэглэлийн хүрээнд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 8 дугаар сарын 12-ны хооронд 22 аж ахуйн нэгжийн нийт 8752 тн буюу 10 хувь /875.0/ тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр гэрээний нөхцөлийг талуудын оролцоотойгоор тохиролцож, 2019-2020 оны өвөл, хаврын улиралд Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар худалдаанд гаргахаар гэрээг байгуулсан байна.

Нийслэлийн хүн амын 2020 оны өвөл, хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах үүднээс мал, мах бэлтгэн нөөцлөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах үүрэг бүхий ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн А/889 дугаар Захирамжаар байгууллаа. Тухайн ажлын хэсэг дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангахаар зохион байгуулалтын арга хэмжээг авч байна.

 Арилжааны банкны эх үүсвэрээр нийслэлийн хүн амын 2019-2020 оны өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх, нийлүүлэх, худалдан борлуулах арга хэмжээнд нийт 13 аж ахуйн нэгж оролцохоор хүсэлтээ ирүүлсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран “Мах, хүнсний ногоо, цагаан идээ-2019” үзэсгэлэн худалдааг Хан-Уул дүүргийн “Лавай” худалдааны төвд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 30-ны хооронд нийслэлийн хүн амд дундын зуучлалгүй, стандартын шаардлага хангасан мах, цагаан идээ, хүнсний ногоогоор хангаж, зах зээл дэх үнээс 9.5-22.3 хувийн хямд үнээр худалдан борлуулсан байна. Уг үзэсгэлэнд худалдаанд Архангай, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Завхан, Дархан, Увс, Хөвсгөл аймгуудаас ирсэн 22 хоршоо, 21 малчид, 11 хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч нэгжүүд оролцсон.

Үзэсгэлэн худалдааны 5 хоногийн хугацаанд нийт 50.0 тн шинэ махыг, үхрийн ястай мах 8500₮, үхрийн цул мах 9000-9500₮, хонины мах /гулууз/ 6500₮, жижиглэнгээр 7500₮, адууны мах 7000-7500₮, ямааны мах 6500-7500₮- өөр тус тус худалдан борлуулсан байна. Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан мах худалдан авах боломжийг бүрдүүлсэн бүртгэлийн системийг Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн санжүүжилтээр Мал эмнэлгийн ерөнхий газар, Дижитал медик компани, Юнител групп хамтран хэрэгжүүлж байна. Гар утасны аппликейшн ашиглан худалдан авах махныхаа гарал үүсэл, баталгаат байдалтай танилцаж болох энэхүү системийг 2017 онд Архангай аймгийн хоёр суманд туршиж, хэрэгжүүлсэн бөгөөд энэ онд 6 аймгийн 15 суманд хэрэгжүүлж байна.Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нийслэлийн хүн амд дундын зуучлалгүй үнээр буюу хонины мах 6000-6500₮, үхрийн мах, ястай 8500₮, үхрийн мах, цул 9500₮, адууны мах 7100₮, адууны мах, цул 7600 төгрөгөөр Хан-Уул дүүрэгт байрлах “Лавай”  худалдааны төв дээр 2019 оны 10 дугаар сарын 05-наас 10-ны өдрүүдэд үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Махны экспортын талаар: Гаалийн мэдээнээс үзвэл, 2019 оны 9 сарын экспортын гүйцэтгэлээр 13.5 мянган тн адууны мах, 1045 тн хонь, ямааны мах, 855 тн дайвар бүтээгдэхүүн, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн 11.8 мянган тн, нийт 27.2 мянган тн экспортолсон байна.

Мөн дулааны аргаар боловсруулсан махны экспорт 11.8 мянган тн хүрсэн, цаашид нэмэгдэх хандлагатай байна. Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны эзлэх хувийг авч үзвэл:

                    2018 онд 34 хувь буюу 10.0 мянган тн,

                   2019 онд 51 хувь буюу 5957.6 тн үхрийн мах, 5800.0 тн хонь, ямааны мах байна.

Гэтэл дулааны аргаар боловсруулсан махны экспорт нэмэгдэж, экспортод чиглэсэн махны нөөц бэлтгэхтэй холбоотой төв, суурин газарт нийлүүлэлтийн хомсдол, үнийн хэлбэлзэл үүсэхээр байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөл, шаардлагын тухай протоколыг мөрдүүлэхийн тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эмнэлгийн хяналтын  улсын /ахлах/ байцаагч нар экспортын эрхтэй үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж,  биелэлтийг ханган ажиллаж байна.

Цаашид хэрэгжүүлж буй арга хэмжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд төрөлжсөн томоохон аянуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

  1. Стратегийн хүнсний улирлын хамаарлыг бууруулах, нийлүүлэлтийг тогтвортой хангах ажлын төлөвлөгөө, комиссын бүрэлдэхүүнийг батлуулахаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын тушаалын төсөл, төлөвлөгөөг боловсруулж, батлуулахад бэлтгэн болгосон байна.
  2. Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөл, шаардлагын  тухай протоколыг мөрдүүлэхийн тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эмнэлгийн хяналтын  улсын /ахлах/ байцаагч нар экспортын эрхтэй үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж,  биелэлтийг хангаж ажиллаж байна.
  3. Мах, махан бүтээгдэхүүний экспортыг 2018 онд экспортлогдсон тоо хэмжээнээс бууруулахгүй байх бодлогын баримтлаж байна.
  4. Мал эмнэлгийн ерөнхий газраас “Малын их эмч нарын анхдугаар чуулган”-ийг 2019 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ны хооронд  зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр нийслэлийн дүүрэг тус бүрт дундын зуучлалгүй, стандартын шаардлага хангасан махыг худалдаалах, үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
  5. “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн-2019, 2020” үзэсгэлэн худалдаа, “Өвлийн идэш”, “Хонины ууц”, “Үхрийн өвчүү”, “Борц, үүц” зэрэг арга хэмжээ зохион байгуулах.
  6. Аймгийн төвүүдэд сар бүр махны яармаг худалдааг зохион байгуулах,

Эх сурвалж: ХХААХҮЯ


Дулааны аргаар боловсруулсан махны экспорт 11.8 мянган тн хүрчээ  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй