Шууд Chart

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2019-10-09 17:19:38

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2019.10.09/ хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Дээрх төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч О.Баасанхүү танилцууллаа. Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг УИХ 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд ажлын дэд хэсэг болон ажлын хэсэг 4 удаа хуралдаж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 7, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэгийг тус тус бэлтгэжээ.

Ажлын хэсэг дээрх хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэхдээ төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс гаргасан санал болон холбогдох байгууллагын саналыг авч үзсэн гэлээ.

Ажлын хэсгийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсгийг баримтлан ажлын дэд хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй  саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд санал нэгтэй дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн даатгал дээр ачаалал хэр нэмэгдэх, зарцуулах хөрөнгийн хэмжээ, хорт хавдрын эрт илрүүлгийн асуудлыг орон нутгийн хэмжээнд хэрхэн зохион байгуулах, эрт илрүүлгийн улсын хэмжээнд явуулахын тулд ямар өртөгтэй тоног төхөөрөмж шаардлагатай болох талаар тодруулан ярилцсан.

Дараа нь Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

 


Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй