Шууд Chart

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

2019-10-10 06:49:29

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж, 31.9-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” хэмээн тус тус заасан байдаг. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос дээрх төслийг боловсруулжээ.

Төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхтэй холбоотойгоор Улсын Их Хурлаас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг журмын хуульд нэмж, хууль хоорондын зөрчлийг арилгасан байна. Мөн хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хороо болон нам, эвслийн бүлэг саналын түвшинд харгалзан үзснээс бусад төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг, заалтын саналын томъёолол, санал дүгнэлтэд оруулахгүй байхаар нэмэлт оруулжээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл гэсэн нэр томъёотой холбоотой нийт 26 хэсэг, заалтад холбогдох өөрчлөлтийг оруулж, Монгол Улсын Үндсэн хуультай нийцүүлсэн болохыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх бол “нэмэлт, өөрчлөлтийн эхийг зөвшөөрнө, татгалзана” гэснээс өөр асуудлаар ард нийтийн санал асуулгыг хамтатган явуулахыг хязгаарласан өөрчлөлтийг төсөлд тусгажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг Монгол Улсын Ерөнхийлөгч ажлын гурван өдрийн дотор баталгаажуулах хэмээн тусгасан байна. Төслийн гурав дахь хэлэлцүүлгийн санал хураалт явуулах үндэслэлийг тодорхой болгохтой холбоотой нэмэлтийг тус тус оруулжээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт, тайлбар мэдээлэл авлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баталгаажуулахтай холбоотой төсөл дэх зохицуулалтын талаар санал хэлэв.

Ингээд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүд 72.7 хувийн саналаар дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.


Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв  
Үзсэн: 166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй