Шууд Chart

Монгол бөхөнг сэргээн нутагшуулснаар аварч чадна гэв

2019-10-10 15:23:13

Байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6”-г санаачилсан нь эдүгээ байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжсөн.

Уг санаачлагад нэгдсэн талууд жил бүр уулзаж эдгээр амьтдыг хэрхэн хамгаалах талаар ярилцаж, хийх ажлаа төлөвлөдөг. Гурав дахь уулзалт энэ сарын 7-8-нд “Говийн гайхамшигт 6”-Монголыг дэлхийд таниулна” уриатай Хустайн байгалийн цогцолборт газарт боллоо. Уг уулзалтад Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймгийн байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөгчид, судлаачид, аялал жуулчлалын компаниудын төлөөлөл  оролцсон юм. Түүнчлэн “Говийн гайхамшигт 6” арга хэмжээнд энэ жилээс Дорноговь аймаг нэгджээ. Мөн олон улсын Тахь групп, Хавтгай хамгаалах Английн сан, Прагийн амьтны хүрээлэн зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцож “Говийн гайхамшигт 6” байгаль хамгааллын хамгийн сайн ажил болсон хэмээн дүгнэсэн байна.  

Энэ арга хэмжээний үеэр талууд “говийн зургаа”-г хамгаалах талаар энэ онд ямар ажил хийсэн, цаашид юу хийхээ хэлэлцсэн. Мөн амьтан тус бүрийн гарал үүсэл, тоо толгой, хамгаалах чиглэлээр хийж буй ажил, тулгарч буй бэрхшээл зэрэг сэдвээр оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.    

Тухайлбал, хамтрагч талууд энэ жил “Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад нийт гурван тэрбум, 950 сая гаруй төгрөг зарцуулжээ(Өнгөрсөн жил хоёр тэрбумыг зарцуулсан). Үүнд, зэрлэг амьтдад зориулсан  худаг гаргах, хөв цөөрөм байгуулах, булгийн эх хашиж хамгаалах, биотехникийн арга хэмжээ зэрэг амьдрах орчныг нь сайжруулах чиглэлээр хийсэн олон ажил орж байгаа юм.  Мөн талуудын идэвх, зүтгэлийн хүчинд говийн ховор амьтад амьдардаг зарим нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулж, хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэг сая га-гаар нэмэгдүүлж чаджээ.   

Түүнчлэн хууль бус агнууртай тэмцэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийжээ. Жишээлбэл, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Дэд зөвлөлийг Говь-Алтай, Ховд аймагт байгуулсан байна. Монгол Улсын Засгийн газраас шинээр экологийн цагдаагийн алба байгуулах шийдвэр гаргаж 2020 оноос үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөсөн.

Үүнээс гадна . Тиймээс монгол бөхөнг аварч үлдэхийн тулд сэргээн нутагшуулах шаардлагатай гэв. Сэргээн нутагшуулах боломжтой газруудын судалгаа ирэх онд дуусах юм байна. Энэ ажилд шаардлагатай санхүүжилт байхгүй учир гадаад, дотоодын хандивлагчдад хандсан сурталчилгааг идэвхтэй хийх хэрэгтэй гэдэгт талууд санал нэгджээ.

Иргэд, компаниуд байгаль хамгаалалд хандив өргөх хүсэлтэй байдаг ч энэ мөнгийг хаана төвлөрүүлэх нь  өнөөгийн нөхцөлд тодорхой бус байдаг. Тиймээс Байгаль хамгаалах итгэлцлийн сан байгуулах шаардлагатай байгааг оролцогчдын олонх нь онцолжээ. Санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бий болгоход аялал жуулчлал чухал салбар бөгөөд “Говийн гайхамшигт 6”-гаар дамжуулан Монголын говийг дэлхийд сурталчлах боломж байгаа, энэ нь санхүүгийн тогтвортой эх үүсвэрийн нэг хэлбэр хэмээн аялал жуулчлалын компанийн төлөөлөл дурджээ.

“Говийн гайхамшигт 6” уулзалтын төгсгөлд хамтрагч талууд ирэх жил хийх зарим ажлаа төлөвлөж “Хустайн тунхаг”-т тусгалаа. Үүнд, Говийн ховор амьтдын хамгааллын асуудлыг аймгуудын дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах замаар хамгааллыг эрчимжүүлэх, уул уурхайн төслүүдийн Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгааллын үйл ажиллагааг “Говийн гайхамшигт 6”  санаачилгатай уялдуулах зэрэг ажлыг хийхээр болов. Түүнчлэн улсын болон орон нутгийн төсөвт Говийн гайхамшигт зургаан амьтдын хамгаалалд зориулсан хөрөнгө төсөвлөдөг болгоход анхаарахаар болсон байна.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол бөхөнг сэргээн нутагшуулснаар аварч чадна гэв  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй