Шууд Chart

Усан гахай хүүхдэд ээлтэй амьтан

2019-10-11 11:45:58

Геологичид усан гахайг 40 сая жилийн настай амьтан гэж үздэг. Гаршиж эхэлсэн үе нь арай хожуу юм. Анх XVI зууны үед Европод Төв Америкаар дамжин орж ирсэн бөгөөд 400 жил гэрийн тэжээмэл амьтан байж иржээ. Ер нь бол хамгийн түгээмэл байдаг гэрийн тэжээмэл амьтан юм. Усан гахай олон үүлдэр, өнгө зүстэй. 

Усан гахай хүнд амархан дасдаг, гаршихдаа хурдан мэрэгч амьтан. Усан гахай жаахан хүүхэдтэй айлд хамгийн тохиромжтой гэнэ. Заримдаа муухай ааш гаргах боловч барагтай л бол хүүхдийг хазаж, мааждаггүй. Энэ амьтныг ямар ч насны хүмүүс тэжээж болдгоороо онцлогтой.

Хүн хажууд нь юм ярьж, хамт байхад тайван байдаг хачирхалтай амьтан. Усан гахай өөртөө аюулгүй, тухтай гэж бодсон үүрэндээ л амьдардаг. Тиймээс үүр сонгох нь хамгийн хэцүү ажил байдаг. Юуны түрүүнд таны усан гахай хойд хөл дээрээ босоход хангалттай байх том зайтай байх ёстой. Мөн үүр хоёр үндсэн хэсгээс бүрдсэн байвал сайн байдаг. Нэг нь гэрэл хангалттай орохоор саруулхан байх шаардлагатай бол нөгөө нь шөнө амрах зориулалттай бага зэрэг харанхуй бөгөөд хаалгатай байвал зүгээр байдаг.

Бүх үүрийг усны хамгаалалттай хийдэг. Учир нь туулайны адил гадаа голдуу амьдардаг. Усан гахай нягт үстэй учир хэт хуурай болон чийгтэй байхад дургүй. Тиймээс байршлыг нь сонгохдоо нөмөр газар сонгоорой. Шалнаасаа чийгтэхгүй байхаар бодож хөлтэй үүр авах нь зүйтэй.

Усан гахайг өвлийн цагаар гадагш гаргаж болдоггүй. Тиймээс өвөл үүрийг гэрт байлгах хэрэгтэй. Дулаан гараашид ч байлгаж болдог. 

Байнгын хөдөлгөөнтэй байлгаж дасгал хийлгэх нь усан гахайгаа эрүүл байлгах нэг арга. Анх үүр худалдан авахдаа тасалгаанаас гадна давхартай үүр сонговол энэ асуудлыг хялбархан шийдэж болдог. Та өөрөө ч үүрийг нь тохижуулж болно. Усан гахай гүйх дуртай учир эргүүлэг хийж өгөөрэй. Мөн тусад нь гүйх, орж гарч тоглох тоглоомууд ч байх хэрэгтэй.

Усан гахай их цэвэрч амьтан. Тиймээс хэвтрийг нь норох бүрт цэвэрлэж, долоо хоногт нэг удаа бүрэн сольж байх хэрэгтэй. Модны зоргодсоор хэвтэр хийх хамгийн тохиромжтой. Модоор хэвтэр засахдаа үртэс бус зоргодос сонгоорой. Үртэс арьс үсэнд нь наалдахаас гадна нүд рүү нь орж гэмтээдэг байна.

Усан гахайнууд зоргодсыг хэвтэр болгохоос гадна хоол болгодог. Хэрэв та хэвтэр засч чадахгүй байвал хангалттай бэлдэц үлдээж өөрсдөөр нь засуулаарай. Усан гахайнууд өвс иддэг бөгөөд үрэл болон хүнсний ногоо, жимс жимсгэнэ ч гэсэн иддэг байна. 

Гэрт байлгах үедээ үүрэнд нь хуучин цаасан хайрцаг дэвсэж өгвөл тэд дуртай байна. Энэ нь тоос бага татахаас гадна шүд нь загатнасан үед хэрэг болдог. Мэрэх дуртай учир хуванцар болон химийн хортой материал үүрэнд нь байлгаж болохгүй. 

Бас их эмзэг амьтан учир халдварт өвчин тусах магадлал өндөр байдаг аж. Түүнд зориулсан вакциныг хийлгэвэл 1-2 жилдээ халдварт өвчин тусна гэж айх хэрэггүй ажээ. 


Усан гахай хүүхдэд ээлтэй амьтан   
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй