Шууд Chart

Эквадор улсын нийслэлд хөл хорио тогтоолоо

2019-10-13 15:30:09

Эквадор улсын нийслэл Кито болон тус хотын ойр орчим дахь нутаг дэстгэрт хөл хорио тогтоогоод байна. Эквадорт Засгийн газрын бүсээ чангалах бодлогыг эсэргүүцсэн иргэд жагсаал хийж, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн үүссэн байна. Иргэд шатахуун худалдан авалтад төрөөс олгодог байсан татаасыг цуцласны дараа эсэргүүцлийн хөдөлгөөнөө эхлүүлсэн юм.

Эквадор улсын Ерөнхийлөгч Ленин Морено телевизээр хийсэн мэдэгдлийнхээ үеэр нийгэмд дэг журмыг сэргээнэ гэдгээ амлаж, зарим бүс нутагт хөл хорио тогтоох шийдвэр гаргаж байгаагаа зарласан байна. Мөн тэрбээр нийгмийн амьдралыг эргэн хэвийн байдалд оруулахад шаардлагатай алхмыг авахыг армийн удирдлагуудад өгөөд байгааг сэрэмжлүүлжээ.

Нийслэл Кито хот болон тус хотын эргэн тойрон дахь газарт хөл хорио тогтоох Ерөнхийлөгчийн зарлиг өнөөдөр орон нутгийн цагаар 15:00 цагаас мөрдөгдөж эхлэх юм. Гэхдээ жагсагчид хөл хорио тогтоох энэ шийдвэрийг даган мөрдөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг "Би Би Си" агентлаг дамжуулжээ.

Эквадор улс эдийн засгийн бүсээ чангалах бодлогын хүрээнд төрөөс шатахууны худалдан авалтад олгож байсан татаасыг цуцлах шийдвэр гарсны дараа иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн эхлэж, жагсагчид болон цагдаа нарын хоорондох мөргөлдөөн нэг долоо хоногийн турш үргэлжилсэн.

Жагсагчид Эквадор улсын төрийн байгууллагууд болон хэвлэлийн газарууд руу халдаж, галдан шатааж байгаа юм. Энэ үймээний үеэр 30 хүнийг баривчилсан гэдгийг тус улсын Дотоод хэргийн сайд мэдэгдлээ. Хэдийгээр Эквадор улсад ийнхүү нийгмийн эмх замбраагүй байдал бий болоод байгаа ч тус улсын Ерөнхийлөгч болон эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчид яриа хэлэлцээ хийхээр шийдвэрт хүрээд байгаа юм.

Ерөнхийлөгч Ленин Морено хэлэлцээр явуулах саналыг хүлээн авсанд талархалтай байгаагаа илэрхийлжээ. Олон улсын Валютын сангийн хүсэлтийн дагуу Эквадор улс төрийн зардлыг танах ёстой болоод байгаа юм. Ингэж төрийн зардлыг танасны үр дүнд Олон улсын валютын сангаас 4.2 тэрбум ам.долларын зээл авах нөхцөл бүрдэх юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эквадор улсын нийслэлд хөл хорио тогтоолоо   
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй