Шууд Chart

О.Ууганбаатар: “Монголын нинжа дайчид” тэмцээн дахиж зохиогдвол хамгийн түрүүнд бүртгүүлнэ

2019-10-14 11:46:45

Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ Отгонбаатарын Ууганбаатартай ярилцаж, МҮОНТ-ээс зохион байгуулж буй “Монголын нинжа дайчид” тэмцээнд оролцсон сэтгэгдлийг нь сонсов. Сонирхуулахад, тэрбээр ДАШТ-д хоёр ч удаа V байрт шалгарч байснаас гадна Азийн АШТ-ий хошой хүрэл, улсын таван удаагийн алтан медаль хүртэж байсан билээ.

-Өчигдөр таны оролцсон шоу үзэгчдэд хүрлээ. Үзэгчид хэрхэн хүлээж авав. Тань руу холбогдож байна уу?

-Их сайхан хүлээж авч байна билээ. Ялангуяа найзууд, гэр бүлийнхэн маань тэсэн ядан хүлээж байгаад үзсэн гэсэн.

-Энэ тэмцээнд оролцоход юу нөлөөлсөн бэ?

-“Энэ шоуг хэрвээ Монголд болох юм бол өөрийгөө сориод үзнэ ээ” гэж бодож байсан тэгээд л оролцсон.

-Аль улсад болсон нь хамгийн их таалагдсан бэ. Мөн телевизээр үзэж байхдаа хялбар юм шиг санагддаг байсан уу?

-АНУ-д болдгийг нь үзэж байсан. Телевизээр үзэж байхдаа “Гайгүй юм байна” гэж харж байсан ч биеэрээ мэдрэхээрээ хүнд юм байна шүү.

-Таны хувьд оногдсон даалгавараа сайн гүйцэтгэсэн ч харамсалтай нь хугацаандаа амжаагүй. Юунаас шалтгаалсан гэж бодож байна вэ?

-Гутлын ул, гар их халтирч гулгаад ярвигтай юм байн билээ. Нэлээн л авхаалж самбаа шаардсан, сайхан шоу болсон. Дахиж зохиогдвол хамгийн түрүүнд бүртгүүлж ялагч болохыг хичээнэ ээ.

- Тэмцээний зохион байгуулалт ямар санагдсан бэ?

-Тэгэлгүй яах вэ, зохион байгуулалт маш өндөр болсон. Олон улсын жишигт тэнцэхээр байсан шүү. Бусад оролцогчид ч ам сайтай, сэтгэл хангалуун байсан.

-Бөхийн спортоор хичээллэдэг тань давуу тал болох байх гэж үзэгчид харж байсан. Ер нь энэ спортын ач тус гарсан биз дээ ...

-Бөхийн спортын ачаар л нэгдүгээр үеийг давж, хоёрдугаар даалгавар руу орсон байх.

-Энэ тэмцээний бэлтгэлээ хаана хийсэн бэ. Хангалттай хийж амжсан байсан уу?

- Жүдогийн бэлтгэлээ хийж байгаад л орсон. Тусгайлан бэлтгэл хийж амжаагүй ээ.

-Өөрийн тань хувьд хамгийн хэцүү даалгавар юу байсан бэ?

-Хоёр шилний хооронд явах л жаахан хэцүү байлаа. Тоосжилт ихтэй халтиргаатай юм билээ. Манай нөхцөлд заал юм уу вакум орчинд хийвэл зүгээр юм шиг санагдсан.

-Хэрвээ цагтаа амжсан бол дараагийн шатанд яах байсан бол ...

-Ер нь давчих байх гэж бодож байсан. Түүнээс биш хугацаа дуусчих вий гэж сандарч, тэвдээгүй. Ямарч байсан даалгавараа дуусгах ёстой л гэж бодож, зүтгэсэн ч даанч амжаагүй.  Ядаж 20 сэкунд байсан бол болчих байлаа.

-Ер нь өөрийгөө хэддүгээр шат хүртэл явна гэж бодож, төлөвлөж байсан бэ?

-Хоёрдугаар үеийг давчуул болчих байх гэж бодож байсан.

-Таныг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар турникэд сайн гэж байсан. Өөртөө бардсан тал байгаагүй биз дээ ...

-Тийм зүйл байгаагүй ээ. Турникт сайн хичээллэдэг байсан минь эерэгээр нөлөөлснийг хэлэх хэрэгтэй байх.

-Ярилцсанд баярлалаа.

 















Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Ууганбаатар: “Монголын нинжа дайчид” тэмцээн дахиж зохиогдвол хамгийн түрүүнд бүртгүүлнэ   
Үзсэн: 2213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
7777 [127.0.0.xxx] 2019-10-14 16:00
Тайлбарлагч нар гэж мөнч хэцүү байна аа .. Ер нь спортын тайлбарлагч нар Сайхан Монгол хэлээрээ сайхан тайлбарлахгүй Уянгын шүлэг уншиж байгаа юм шиг " МАШ ИХ УУЛАГА АЛДАХ ЮМ " ер тайлбарлаж чадахгүй юм даа..

Бидэнтэй нэгдээрэй