Шууд Chart

Дашийн Пүрэвсүрэн найруулагчийнхаа гэгээн дурсгалд өргөх зул үг

2019-10-14 12:40:10

“Сэтгэл зүрхний бичлэг” гэсэн ийм нэгэн номыг МҮОНТ-ийнхээ 4О жилийн ойгоор гаргаж байж билээ. Тэр цагаас хойш энэ номонд амьд халуун яриагаа өгч байсан олон сайхан найз, нөхөд уран бүтээлчид маань их холыг зорин оджээ. Авьяаслаг зураглаач Д.Цэдэнноров, С.Цолмон, алдарт орчуулагч Х.Мэргэн, дууны найруулагч О.Норжмоо, Ц.Гүндэгмаа, найруулагч “Сахал“ Бямбадорж гээд цааш нь тоолоод ч яахав дээ. Эх модноосоо алдууран одох намрын шаргал навчис шиг тэд маань холджээ.   

Сэтгэлд гунигийн манан хөшилдөнө. Саяхан Пүрэвсүрэн найруулагч маань явчихлаа. Хайран ч сайхан найруулагч, хайран ч сайхан хүний хань. Пүүжээ найруулагч маань жинхэнэ монгол бүсгүйн дээд, хүний хайлан байсныг миний үеийнхэн андахгүй. Та нар маань биднийхээ “Санахын элгэнд“ л үлдэж дээ ...  Номонд маань орсон, амин халуун яриагаа үлдээсэн дурсамжаас хойч үеийнхэндээ хүргэе. 


ОДДОД ОЙРХОН ЯВСАН ЗАЛУУ НАС МИНЬ

МҮОНТ-ийн найруулагч Дашийн Пүрэвсүрэн. Телевизэд сайн нэвтрүүлгийг, сайн уран бүтээлчийг найруулагч төрүүлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэдэг юм. Юутай ч болов хамт ажилладаг уран бүтээлчдэдээ нөмөр нөөлөгтэй, ярианы болоод тайлбар, текстийн торгон мэдрэмжтэй юмханаар “юм” бүтээчих нандин чанар Пүүжээд маань байлаа. Тэрбээр үзэмж төгс Булган хангайн хүн. УБДС-ийн найруулагчийн ангийг 1969 онд дүүргээд Телевиз гэдэг их айлын үүдийг татсан. Эдүгээ 39 дэх жилийн нүүрийг үзэж, одоо Титэм студийн “Агшин” нэвтрүүлгийн найруулагчаар ажилладаг. Телевизийнхээ 30 жилийн ойгоор төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгасан, Хэвлэл, мэдээлэл, Соёл, Радио телевизийн тэргүүний ажилтан энэ хүн бол Пүүжээ найруулагч.

-39 жил гэдэг чамгүй урт хугацаа. Цаг хугацааг зүгээр нэг элээх, цаг хугацаатай өрсөж амьдрах хоёрын хооронд том ялгаа бий дээ?

-Нийтлэл, сурвалжилга, сэтгүүл, теле зохиомж, теле жүжиг, цэнгээнт гээд телевизийн нэвтрүүлгийн бүх л төрөл дээр ажиллаж байсан. Уралдаанаар “амьсгалсан” өрнүүн хөдөлмөрийн тэр л он жилүүдэд телевизийнхэн маань мөн л цаг мөчтэй уралдан шамдацгааж байлаа. Сард 4-7 удаагийн нэвтрүүлгийг чанарын 60-аас дээш хувийн үзүүлэлттэй эфирт өгч байсны учир “Байгууллагын ажил хөдөлмөрийн аварга”, VI, VII, VIII, таван жилийн гавшгайч цол тэмдэг гээд, тухайн үеийнхээ л шагналын дээдийг хүртэж, он, онд “Айргийн тавд” гялалзаж явлаа. Тэнгэрээс од шүүрэхэд ч бэлэн явсан залуу нас гайхалтай сайхан. Аягүй бол тэр  тэнгэрт гялалзах одыг харж, бүтээл төрүүлэх гээд мөрөөдөж явах тийм л ариухан, тэмүүлэлтэй нас байлаа.

-Нээрэн одоо ч бодох нь ээ 15 жилд 30 жилийн ажил хийсэн гэхэд инээдтэй юм шиг боловч, ямар ч байсан тодорхой хэмжээгээр ачаанаас тэр чинээгээр  таталцсан л гэсэн үг. “Агшин”-г анх төрүүлсэн түүхээс сонирхъё?

-Өө, түүнийг яривал уртын урт түүх ярина. Тэр цаг үе чинь (1992 он) улс орон даяар бужигнаж, юун “Агшин”-тай манантай үе байлаа. Яг зах зээлийн аястай, бооцоот маягийн, тэгээд аз туршсан өгөөтэй, аваатай иймэрхүү нэвтрүүлэг өмнө нь огт хийгдэж байгаагүй юм. Тухайн үедээ их л юм болцгоож, зориглож ч гэх үү дээ, эхэлсэн ажил юм даа. Тэр үеийн удирдлага З.Алтай, Д.Жаргал гартай ч их ярилцаж, зөвлөлдөж байж, ер нь л олны итгэл, сэтгэлийн дэмээр боссон доо. Шагналыг нь яах вэ. Хууль эрхийн хувьд гээд л... олон тулгамдсан асуудалд хариу мухардмал байсан тул шууд хуулж хийхээр тохиролцсон. Тэр ч байтугай Москвагийн төв телевизэд хандаж хөтлөгч Якубовичоос ярилцлага авч анхныхаа нэвтрүүлгээр оруулж байлаа шүү дээ.

-Энэ хугацаанд сонин түүхээр бүтсэн “Агшин” олон уу?

-Өвөрхангайн Онгийн нэг их үерээр таарч мориор зөөлгөж, Дорнодод зуднаар хээр сууж хэрхэн хөглөснөө ярих юм бол сонин дурсамж олоон олон. Сэлэнгэ мөрөн үертэй байх үед усан онгоцон дээр бичлэгээ дуусгаад буцаж явтал онгоц маань залуураа алдсанаас үерт хөвж хил давах дөхсөн гээд... Залуургүй хавтан дээр өдий олон хүн аччихаад цэлэлзсэн хөлгүй их усан дунд барьц алдан явахдаа “Бусдыг цэнгүүлэх гэж ингэж ч явах гэж дээ. Амьд гарвал одоо л больё...” гэж бодож байсан боловч дараа нь дахиад л яавал сонин болгох вэ нэвтрүүлгээ, ууланд хийх үү, усанд хийх үү гээд л эрж хайх жишээтэй. Уран бүтээл гэдэг мөнхийн эрэл хайгуул юм даа. Нэг үгээр хэлбэл, хэдий чинээ зовно, төдий чинээ сонирхолтой болдог юм л даа.

-Телевизийн найруулагч байх нь эмэгтэй хүнд хэр зохилтой ажил вэ?

-Ажил болгон л өөрийн гэсэн өнгө аяс, зовлон, жаргалтай л даа. Ар гэрийнхэн маань голдуу ачааны хүндийг үүрдэг яггүй л ажил. Баяр ёслол, амралтын өдрүүдэд эхнэр нь, ээж нь байхгүй айл ямар олигтой байх вэ. Бас дээр нь хамгийн урт настай нэвтрүүлэг бол “Агшин”. Увсын яс Пунсаа гэдэг бүсгүйтэй олон жил ажиллалаа. Энэ бол сайхан нөхөрлөл. Дээр нь сэтгүүлч Ш.Ёолк, С.Цолмон, дууны найруулагч О.Норжмаа, Галсанрагчаа гээд сэтгэл, зүтгэл нийлж байж “Агшин” нэвтрүүлэг төрдөг юм. Гэхдээ намайг сайн ханийн заяа түшсэн. Хүүхэд маань зургаан сар хүрээгүй байхад нөхөр маань телевиз дээр авчирч хөхүүлдэг байлаа. Гэвч хүн ардынхаа, улс үндэстнийхээ үүх түүх, соёл урлагийн дуутай хууртай, гэрэл, сүүдэртэй нь мөнхөлж, цаг үеийн гэрч болдгоороо бидний ажил гавьяатай юм шүү.

-“Загасчны морь усгүй” гэгчээр залуудаа хийж байсан жүжгүүдийн тань бичлэг байдаггүй гэсэн. Ер нь Монгол телевизийн алтан фондын тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Аль ч байгууллага хамт олны ажил өнгөрсөн, өнөөдөр, ирээдүй гэсэн цаг хугацааны гинжин хэлхээнд хөгждөг жамтай. Өнгөрсөн жилүүдийн ачааг хотойтол таталцсан олон хүнийг мартахын аргагүй. Ер нь олон удирдлага ойр ойрхон солигддог болоод ч тэр үү, тэр сайхан хүмүүсийн оюуны хөдөлмөр, нэгэн насны нь амьдралын утга учир шингэсэн бүтээл “хальсгүй” гэдэг нэрээр арчигдах ч юм уу, үгүй бол бүх л юм өнөөдөр шинээр эхлээд байгаа юм шиг ойлгоцгоож морин дэл дээгүүр шүүрч өнгөрөх ёсгүй юм шиг санагддаг. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байхгүй шүү дээ.

Пүрэвсүрэн найруулагч маань ийм нэгэн ярилцлагыг өгсөн нь номонд маань түүх болон үлджээ. Ум сайн амгалан болтугай.

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Дашийн Пүрэвсүрэн найруулагчийнхаа гэгээн дурсгалд өргөх зул үг   
Үзсэн: 505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. UROLOGIST [127.0.0.xxx] 2019-10-24 20:15
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com

Бидэнтэй нэгдээрэй