Шууд Chart

АНУ Туркийн эсрэг хориг тавилаа

2019-10-15 16:33:13

АНУ Туркийн хоёр ч төрийн яам болон зарим өндөр албан тушаалтын эсрэг хориг арга хэмжээг авч байгаагаа мэдэгдлээ. Сирийн Хойд бүс нутаг уруу Турк улс цэргээ оруулсныг Вашингтон ийнхүү буруутгаж, Анкарагийн эсрэг эдийн засгийн хориг аваад байна. Нэгдсэн Үндэсний Байгууллагын мэдээлснээр Туркийн арми Сирийн бүс нутагт нэвтэрснээс хойш 160 000 гаруй хүн  орон гэрээ орхин дайжаад байна.

Вашингтон Анкарагийн эсрэг эдийн засгийн хориг тавьж байгаа талаарх мэдээллийг Америкийн Сангийн Сайд Стевен Мнучин даваа гарагийн  орой сэтгүүлчдэд  өгсөн байна. Тэрээр энэ хориг бол Туркийн эдийн засагт  хүчтэй нөлөөг үзүүлнэ гэж хэлжээ. Сири дахь Туркийн цэргийн ажиллагааг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн тус улсын гурван төрийн өндөр албан тушаалтан болон  хоёр  яамны  эсрэг  хориг арга хэмжээ авагдаж байгаа юм. Туркийн засгийн газрын үйлдэл гэмгүй иргэдийг аюулд оруулж,  бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулаад зогсохгүй  Лалын улс бүлэглэлийн эсрэг явуулсан ажиллагааны үр дүнг сулрууллаа гэж Вашингтон Анкараг буруутгаж байна. Үүнээс гадна  Америкийн дэд ерөнхийлөгч  Майк Пенсе Туркийн арми галаа зогсоохгүй бол тус улсын эсрэг хориг арга хэмжээ цаашид улам чангарна гэж анхааруулж, Турк болон Сирийн хилийн дагуу аюулгүй бүс байгуулах асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг уриалжээ. Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн ерөнхийлөгч Тайп Эрдогантай даваа гарагт утсаар ярьсан байна. Европын орнууд ч Туркийн Сири бүс нутаг дахь цэргийн ажиллагааг буруутгаж, зэр зэвсгийн нийлүүлэлтээ зогсохоо мэдэгдээд байгаа юм.

Харин Туркийн талаас тус улсын арми Сирийн хойд бүс нутаг руу 30 км нэвтрэн орж, аюулгүй бүсийг бий болгоно гэж мэдэгдэж байгаа. Туркийн арми Сирийн хойд бүс нутаг уруу цөмрөн орсон даруйдаа тус бүс нутгийг хяналтандаа байлгадаг Курд дайчдын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Үүгээр зогсохгүй Курд болон Сирийн ерөнхийлөгч Башар Аль Асад нар Туркийн армийн довтолгоог хамтран сөрөх гэрээг байгуулаад байгаа юм.

Гэхдээ Сирийн ерөнхийлөгч Башар Аль Асадын цэрэг Туркийн армитай шууд зэвсэгт мөргөлдөөн хийхээс зайлсхийж байна. Энэ нь ОХУ Сири болон Туркийн засгийн газрын аль алинтай холбоотны харилцаатай байдагтай холбоотой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Туркийн эсрэг хориг тавилаа  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй