Шууд Chart

Эмнэлгийн тусламж болон нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулжээ

2019-10-15 17:18:18

Аяны хүрээнд иргэдийг дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүд зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулж байгаа юм. Мөн ЭХО, рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулж эмчилгээ, зөвлөгөө өгч ажиллаж байгаа.

Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн болон өрхийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд болон сувилагч нар “Эрүүл иргэн” аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд хоёр дахь удаагаа иргэдэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийж,  тусламж, үйлчилгээ үзүүлж, зөвлөмж зөвлөгөө өгч ажиллалаа.

Энэ үеэр албаныхан болон иргэнээс зарим асуултад хариулт авлаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар: “Эрүүл иргэн” аяны хүрээнд ард иргэдэд чиглэсэн үзлэг, оношилгоо нийслэлийн бүх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв, хороонд хийгдэж байгаа. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд хийгдэж буй үзлэг, оношилгоотой танилцаж байна. Иргэд харьяа эрүүл мэндийн төвдөө үзлэг хийлгэхийн тулд заавал урьдчилж цаг авч байж үзүүлдэг. Харин энэ аяны хүрээнд урьдчилан цаг авалгүй нэг дор бүх л төрлийн үзлэг шинжилгээнд хамрагдаж байна. Ингэснээр нэгдүгээрт, иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж өгч байгаа юм. Хоёрдугаарт, “Эрүүл иргэн” аяны хүрээнд зөвхөн үзлэг гэлтгүй эрүүл мэндийн чиглэлийн мэдээллийг иргэдэд хүргэж байгаа гэдгээрээ онцлог.

Эрүүл мэндийн үйлчилгээг эмнэлгийн тусламж болон нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ гэж хоёр ангилдаг. Нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар болон анагаахын мэргэжилтнүүд нийслэлийн хороод дээр ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж болон нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь хүргэж байгаа гэдгээрээ “Эрүүл иргэн” аян өндөр ач холбогдолтой. Тухайлбал, иргэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо,  шинжилгээ хийлгэхээс гадна хоол зүйч болон сэтгэл зүйч нараас зөвлөгөө авч байна. Түүнчлэн зөвхөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэлтгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үед илрүүлэх ажил хийгдэж байгаа. Тиймээс иргэдийг “Эрүүл иргэн” аянд хамрагдахыг уриалж байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү: Нийслэлийн Засаг даргын болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс ирэх сарын 1-нийг хүртэлх хугацаанд “Эрүүл иргэн” аян хэрэгжинэ. Энэ аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн 20 хорооны 9500 гаруй иргэнийг нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, хороодын Засаг даргын ажлын албатайгаа хамтран хоёр үе шаттай эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан.

Ингэхдээ иргэдийг нарийн мэргэжлийн хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, мэдрэл, дотор, өндөр настан, сэтгэц, нүд, чих хамар хоолойн эмч нарын үзлэгт хамруулахаас гадна эхо, зүрхний цахилгаан бичлэг, халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг хийж байгаа. Тухайлбал, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, В, С вирус илрүүлэх шинжилгээг хийж байна. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд хоёр дахь үе шатны үзлэгийг хийж байгаа.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ц.Бүзлхам: Би анагаахын чиглэлээр мэргэжил эзэмшсэн учраас жил бүр нэг удаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд заавал хамрагддаг. “Эрүүл иргэн” аян хэрэгжиж, нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд ойртож, хороонд нь ирж үзлэг, шинжилгээ хийж байгаад баярлаж байна. Учир нь өвдөөгүй үедээ ч үзлэг шинжилгээнд хамрагдах ёстойг мэддэггүй, эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй олон иргэн бий. Бүр 3-10 жил эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийлгээгүй хүмүүс бий. Эдгээр хүмүүст эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулж өгсөн маш зүйтэй аян гэж ойлгож байгаа. Тийм дээ ч өөрийгөө болон өрхийнхөө гишүүдийг бүх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулсан. Хариу нь эрүүл, сайн гэж гарсан.



























Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эмнэлгийн тусламж болон нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулжээ  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй