Шууд Chart

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл боловсруулжээ

2019-10-18 06:49:04

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зэх зээлийн хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд Бангкокийн хэлэлцээрийг байгуулж, 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр болгон өөрчилсөн байна. Тус хэлэлцээр Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг 6 гишүүн оронтой аж.

Хэлэлцээрийн хавсралтууд болон нэмэлт, өөрчлөлтөөр гишүүн улс орнуудын хоорондхи экспорт, импортын бараанд тусгай хөнгөлөлт олгож, барааны болон үйлчилгээний худалдаан дахь саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааны механизм бий болгох чухал ач холбогдолтой юм байна. Одоогийн байдлаар хэлэлцээрийн оролцогч улсууд нийт 4 удаагийн тарифын хэлэлцээгээр 10.000 гаруй бараа бүтээгдэхүүний татварыг харилцан бууруулах үүрэг хүлээсэн байна.

Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж, 2011 онд хэлэлцээг эхлүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасан байна. Үүний дагуу Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн улсууд өөр хоорондоо хөнгөлөлттэй тарифаар солилцдог бараа бүтээгдэхүүнээс манай улсад үйлдвэрлэх боломжгүй болон өндөр өртөгтэй үйлдвэрлэгдэх 366 нэр төрлийн барааг сонгон авч, үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг гарган, 2013 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжжээ.

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.7 хувь, экспортын 90, импортын 30 хувийг  Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд эзэлдэг аж. Уг хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зэх зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд манай экспортын бараа бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм. 


Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл боловсруулжээ  
Үзсэн: 104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй