Шууд Chart

“Энхийн хавар” ажиллагааг зогсооно

2019-10-18 12:24:12

Сирийн Курдуудын эсрэг цэргийн ажиллагаагаа Турк зогсоохоор боллоо. Пүрэв гарагт АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Анкарад айлчилж, Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдогантай уулзсан. Уулзалтаар талууд “Туркийн талыг гал зогсоосон нөхцөлд нэмэлт хориг тавхгүй” гэсэн тохиролцоонд хүрсэн байна. Дэд ерөнхийлөгч Майк Пенс энэ талаар мэдэгджээ.

Мөн түүний хэлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Анкараг цэргийн ажиллагаагаа бүрэн зогсоосон тохиолдолд тус улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдээ цуцална гэсэн байна.

Майк Пенс, Реджеп Тайип Эрдоган нарын уулзалтын дараа Цагаан ордны тэргүүн “Уулзалтаас маш том нааштай үр дүн гарлаа. Олон сая хүний амь нас аюулгүй болно” гэж твиттер хуудсандаа бичээд Туркийн Ерөнхийлөгчид талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Тохиролцооны дагуу 120 цаг буюу таван өдрийн дотор Турк “Энхийн хавар” ажиллагаагаа зогсооно. Энэ хугацаанд Курд цэргүүд Сирийн хойд хилээс 32 км-ийн зайтай орших газар нутгийг чөлөөлөх ёстой. Энд Туркийн тал “Аюулгүй бүс” байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Мөн гэрээнд зааснаар “Аюулгүй бүс” байгуулах ажлыг Турк цэргүүд голчлон хэрэгжүүлнэ. “Таван өдрийн хугацаанд АНУ Анкарад нэмэлт хориг тавихгүй бөгөөд гал бүрэн зогсоосны дараа Вашингтон одоогийн бүх хоригоо цуцална” гэж дэд ерөнийлөгч Майк Пенс тайлбарлажээ.

Ингэхдээ Туркийн талаас зааж байгаа газар нутгийг Курдууд орхин явахад АНУ дэмжлэг үзүүлнэ гэж байна. Гэвч Курдууд хоёр талын энэ шийдвэрийг бүрэн дагаж биелүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

Курдын талын командлагч Мазлум Кобанээ /MazlumKobanê/ гэрээ хэлэлцээрийг нягталж үзнэ хэмээн хэлсэн байна. Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн ажиглагч байгууллагаас пүрэв гарагт гал зогсоох шийдвэр гарснаас үл хамааран хил орчмын тосгонд мөргөлдөөн үргэлжилсээр байна гэж мэдээлжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

“Энхийн хавар” ажиллагааг зогсооно   
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй