Шууд Chart

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд дутуу нярай төрвөл эндэх эрсдэлтэй байна

2019-10-18 12:37:11

Өвөрхангай аймгийн БОЭТ-д жилдээ 2000 орчим нярай төрдөг. Мөн сард 4-5 дутуу нярай төрдөг байна. Дутуу нярайг дөнгөж төрөхөд нь амьсгалын аппаратад оруулж уушгийг нь дэмждэг. Гэтэл энэ төвийн нярайн тасаг одоогоор амьсгалын аппаратгүй ажиллаж байна.

БОЭТ-ийн нярайн эмч нар шаардлагатай тохиолдолд хүүхдийн тасгийн болон сэхээн амьдруулах тасгийн амьсгалын аппаратыг зөөвөрлөн авч ирдэг гэдгийг хэлж байна. Өнгөрөгч жил мөн л амьсгалын аппаратгүй байсан. Бат-өлзий сумын Эрүүл мэндийн төвийн өндөр хүчин чадал бүхий аппаратыг авч ирж гурван сарын хугацаанд ашиглах үедээ 13 нярайн амь насыг аварсан байна. Харин суманд төдийлөн хэрэглээд байдаггүй аппаратыг буцаан шилжүүлжээ.

Бүсийн оношилгоо эмчилгээний төвд улс, орон нутгийн төсвөөр тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж байгаа ч үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд өсч, эмнэлэг өргөжиж байгаа учир шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн хүрэлцээ хангалтгүй хэвээр байна. Мөн төрөх тасгийн ор, нярайн инкубатор зэрэг нь бүгд 80-аад оны хуучирсан хэрэглэлүүд байна. Дөнгөж төрсөн хүүхдийн дулаан хэмжих зэрэг төхөөрөмжүүд бүр ажиллагаагүй болсон нь хүндрэлтэй байгааг эмч, ажилтнууд хэлж байгаа юм.

Суманд байгаа амьсгалын аппаратыг төв эмнэлэгрүүгээ татах боломж байгаа эсэхийг Эрүүл мэндийн газраас тодруулахад сумандаа ашиглагдаж байгаа учир боломжгүй. Оргил ачаалалтай үед нь авч ирж ажиллуулсан гэсэн тайлбарыг өгсөн юм. Иймээс энэ төвд дутуу төрсөн нярайг эндэх эрсдэлээс сэргийлэн амьсгалын аппаратыг нэн даруй шийдвэрлэх нь эрүүл мэндийн яамны түвшинд анхаарах асуудлуудын нэг болоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд дутуу нярай төрвөл эндэх эрсдэлтэй байна  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй