Шууд Chart

Орон зайн мэдээлэлд суурилсан системүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллана

2019-10-18 15:58:56

ОБЕГ-ын Орон зайн мэдээлэл, технологийн тасагт Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Дэлхийн банкны газар, орон зайн багийн шинжээчид ажиллаж, уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газраас Үндэсний орон зайн мэдээллийн системийн хүрээнд ашиглаж байгаа орон зайн мэдээ, Гамшгийн орон зайн мэдээллийн системийг танилцуулсан юм.

НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооноос “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх”-1819D төслийг өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн Монгол, Этиоп, Буркина, Непал, Фижи, Тонга зэрэг зургаан улсад хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын гамшгийн орон зайн мэдээллийн системийг үндэсний орон зайн мэдээллийн системийн хүрээнд бусад мэргэжлийн байгууллагын орон зайн мэдээллийн системүүдтэй уялдуулан зохион байгуулах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах юм.

Цаашид гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас учирч болох хохирлыг бодитой бууруулахад чиглэсэн орон зайн мэдээлэлд суурилсан системүүдийг хөгжүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо.

Мөн манай улсын орон зайн мэдээллийн менежмент, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын ирээдүйн чиг хандлага, зорилгыг тодорхойлсон “Орон зайн мэдээллийн менежментийн Хэрэгжүүлэх хөтөлбөр” буюу “Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийг боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Орон зайн мэдээлэлд суурилсан системүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллана  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй