Шууд Chart

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

2019-10-18 16:55:37

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.18) нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын нэр бүхий 6 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагч гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг 1998 онд, тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2006 онд тус тус батлан мөрдүүлж, хэрэгжилтийг зохион байгуулан, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрх зүйн харилцааг зохицуулж ирсэн. Гэлээ ч дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага, улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан энэхүү хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа аж.

Иймээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагын урьдчилсан судалгаа хийж, уг судалгаанд тусгагдсан санал, зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тус салбарын бодлого тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж, уг хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан. Хуулийн төслийн зохицуулалт нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлнэ гэж үзэж буйгаа төсөл санаачлагч гишүүн Б.Баттөмөр илтгэлдээ дурдав.

Уг хуулийн төсөлд шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, удирдлагыг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлтийг тусган,  шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн эрхлэх асуудал, бүрэн эрхийн хүрээг өөрчлөхөөр зохицуулжээ. Мөн шинжлэх ухаан, технологийн чиглэлийн үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гадаад, дотоодын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн үйл ажиллагааны зардлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын төсөвт тусган санхүүжүүлэх, үндсэн чиг үүргийн дагуух олсон орлогыг арилжааны банкны дансанд байршуулах, захиран зарцуулах талаарх зохицуулалтыг тусгасныг төсөл санаачлагч онцлов. 

Хуулийн төсөлд шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн зарчмыг шинэчилж, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлэх журмыг тогтоон, шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагаанд оролцогчын чиг үүрэг, эрхийг тодорхой болгохоор зааж, эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг тогтоох зорилгоор магадлан итгэмжлэл явуулж байх, хүндэтгэн үзэх шалтгаанаар ээлжит магадлан итгэмжлэлд хугацаандаа хамрагдаж чадаагүй эрдэм шинжилгээний ажилтныг нөхөн хамруулж байх зохицуулалтыг тусгаж өгчээ. Түүнчлэн оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тус салбарт ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс эрдэм шинжилгээний болон инженер-техникийн ажилтан, лаборант өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол ажилласан хугацааг харгалзан ажиллаж байгаа байгууллагаас нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. 

Хуулийн төсөл батлагдсанаар тодорхой нэмэлт зардал гарах хэдий ч шинжлэх ухаан, технологийн салбарт оруулах хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, эдийн засаг эерэг үр нөлөө үзүүлэх боломжтой гэж төсөл санаачлагч гишүүд үзэж байгаа аж.

Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Иймээс төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцож анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.


Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв  
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй