Шууд Chart

Махны ченжүүдээс төлбөрийн баримт заавал аваарай

2019-10-19 14:41:31

Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газраас мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд арга зүйн зөвлөмж өгөх цогц сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Татварын хяналт шалгалт арга зүйн газрын дарга О.Тэнгис оролцож татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны шинэчлэлийн тухай илтгэл тавьсан бол тухайн газрын татварын улсын байцаагч Ц.Өлзийбаяр нар махны экспорт эрхлэгчдийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүд, тэдгээрийг давтан гаргахгүй байхын тулд ямар хуулийн зүйл заалтыг дагаж мөрдөх ёстой тухай танилцуулгыг хийлээ. Мөн ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Н.Гэрэлмаа Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 329 дугаар тогтоолоор батлуулсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ыг шинэчлэн батлуулсны дагуу орсон нэмэлт өөрчлөлтүүдийг танилцууллаа. 

Монголын татварын албанд мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1243 татвар төлөгч бүртгэлтэй байдаг. Үүнээс сүүлийн хоёр жилд 99 татвар төлөгч мах экспортолсон байна. Бизнес эрхлэгчид мах экспортлох квотыг ХХААХҮЯ-аас авч өөрийн үйлдвэрт мах, малын дайвар бүтээгдэхүүнийг бэлтгэн гадагшаа гаргадаг байна.

Татварын хяналт шалгалт арга зүйн газраас мах экспортлогчдод хяналт шалгалт хийхэд дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ. Үүнд:
1. Экспортын квотоо бусдад ашиглуулах;
2. Зуучлалын орлогод НӨАТ ногдуулаагүй;
3. Урамшуулалын орлогод /зээлийн хүүгийн хөнгөлөлт/ татвар ногдуулаагүй;
4. Мах бэлтгэлийн ажиллагааны анхан шатны баримтыг НББ-ийн хуулийн дагуу бүрдүүлээгүй;
5. Вальютын ханшын бодит бус алдагдлыг ТНО-оос хасагдах зардалд оруулж тооцсон
6. Хуулиар тогтоосон хэмжээнээс хэтэрсэн томилолтын зардлыг ТНО-оос хасагдах зардалд оруулж тооцсон
7. Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн торгуулийг зардалд тооцсон
8. Монгол улсад байрладаггүй татвар төлөгчид олгосон орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй
9. Нөөцийн махыг борлуулахдаа цахим төлбөрийн баримт олгоогүй
10. Чөлөөлөгдөх борлуулалтад ногдох бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг худалдан авалтад тооцсон

Танилцуулгууд дуусаад хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр сургалтад оролцогчид мал худалдаж байгаа иргэд болон дамжуулан борлуулж байгаа иргэд төлбөрийн баримт олгохгүй байгаа нь татварын тайлан мэдээг үнэн зөв гаргахад хүндрэл учруулж байна. Хэрхэн анхан шатны баримт бүрдүүлэлтээ хийх вэ гэсэн асуултыг хэд хэдэн удаа асууж байлаа. Татварын албаны зүгээс та бүхэн аль болох анхан шатны баримт болохуйц баримтыг шаардаж аваарай. Ингэснээр та бүхэн тайлангаа үнэн зөв гаргаж, нөгөө талдаа татвар өгөхгүй байгаа ченжүүдийн орлогыг хянаж шударгаар татвар ногдуулах ач холбогдолтой. Бүүр боломжгүй тохиолдолд бүтээгдэхүүн худалдан авч буй хүнийхээ иргэний үнэмлэхийн хуулбарыг авах, зургийг авах зэргээр баримтжуулан анхан шатны баримт бүрдүүлэлтдээ ашиглаж болно” гэлээ.

Монголын татварын албанаас бизнесийн салбараас түүвэрлэн хяналт шалгалт хийгээд илэрсэн нийтлэг зөрчилд үндэслэн татвар төлөгчдөдөө арга зүйн зөвлөгөө өгч, татварын хууль тогтоомжийг зөрчих эрсдэлээс сэргийлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг цаашид ч хийгдэх юм.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар


Махны ченжүүдээс төлбөрийн баримт заавал аваарай   
Үзсэн: 416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-19 16:28
авах хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй