Шууд Chart

Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв

2019-10-19 18:20:00

Чили улсын нийслэл Сантъяго хотод онц байдал зарлаад байна. Тус улсад метроны тасалбарын үнэ өссөнийг эсэргүүцсэн жагсаалын үеэр мөргөлдөөн гарч, онц байдал зарлахад хүргэжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдын ихэнх нь ахлах сургуулийн сурагчид болон оюутнууд байгаа юм.

Чилийн Засгийн газар оргил үеэрх метрогоор зорчих тасалбарыг 1.17 ам.доллараар нэмэх шийдвэрийг аравдугаар сарын эхээр гаргасанбайна. Эрчим хүчний үнэ өндөр, песогийн ханш сул байгаа зэргээс үүдэн ийм шийдвэр гаргасан гэж албаныхан мэдээлж байжээ. Гэвч Сантъяго хотын залуус үүнийг эрс эсэргүүцэж байна.

Жагсагчид хэд хэдэн метроны буудал руу халдан түймэр тавьж, Чили хотын томоохон зам, талбайг хаагаад байгаа юм. Оюутан залуусын эсэргүүцлийн хөдөлгөөнөөс үүдэн Сантьяго хот нэлээдгүй хохирол амсаж, метроны үйлчилгээ тасалдахад хүрчээ.

Хамгаалалтын хүчнийхэн жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий болон бороохой ашиглаж байна. Латин Америкийн хамгийн чинээлэг орнуудын нэгт зүй ёсоор тооцогддог Чили улсад баян, ядуугийн ялгаа эрс нэмэгдэж, мөн амьдралын өртөг өсөөд байгаа юм.

Тэр дундаа Сантьяго хотод амьдрах өртөг хэт өндөр байдаг гэсэн гомдлыг олон мянган иргэн гаргаж, эдийн засгийн шинэчлэлт явуулахыг уриалах болжээ. Оюутан залуусын эсэргүүцлийн хөдөлгөөн улам ширүүсч байгаа учраас Чилийн нийслэлд онц байдал зарласан. Тус улсын Ерөнхийлөгч Пиньера Себастьян хувийн өмч, нийтийн аюулгүй байдлыг хамгаалах болон нийгэмд эмх журмыг сэргээх үүднээс онц байдал зарлаж байгаагаа хэлсэн байна.

Мөн тэрбээр "Жагсаал хийх бол нэг хэрэг. Харин танхайрах бол өөр хэрэг" гэж зарим оюутан залуусын түрэмгий үйлдлийг буруутгажээ. Баасан гарагийн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс үүдэн Сантьяго хотын метроны бүх шугам хоёр цагийн турш хаагдахад хүрсэн нь жагсагчдын учруулсан гэмтэлтэй холбоотой юм байна.

Метроны буудлуудад нийт 700 000 ам.долларын хохирол учирсан гэж үзэж байна. 140 км-ын урттай шугам болон 130 гаруй зорчигчийн тавцанг багтаасан Чили хотын метроны систем Латин Америкдаа хамгийн боловсронгуйд тооцогддог юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв   
Үзсэн: 1953 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй