Шууд Chart

Шар шувуу сонирхогчдод зориулсан кафе

2019-10-20 08:32:07

Япон улсад янз бүрийн амьтан сонирхогчдод зориулсан кафенууд байдаг бөгөөд эдгээр газрууд нь багагүй ашигтай гэдгээрээ алдартай. Тэдний нэг нь Токио хотод байдаг шар шувуу сонирхогчдод зориулсан кафе юм. Энэ кафегаар үйлчлүүлэгчид янз бүрийн шар шувууг үзэж сонирхож болохоос гадна өөрөө хүсвэл хооллож, гар дээрээ суулгаж болдог аж.

Кафег үүсгэн байгуулагч Мая Ямагучи Харри Поттер цуврал кинонд гол дүрийн баатруудын хамгийн хайртай амьтан шар шувуу байдаг нь энэ киног сонирхогч хүүхэд, нас хүрэгчдэд энэ гайхалтай амьтны талаар илүү ихийг мэдэж авах хүслийг асаасан болохыг хэлж байсан.

“Шар шувууны ой” нэртэй энэ кафед 22 төрөл зүйлийн 33 ширхэг амьд шар шувуу байгаа нь нэг төрлийн шар шувуу судлах амьтны хүрээлэн болохыг үйлчлүүлэгчид нь цохон тэмдэглэжээ. Анх нээгдсэнээсээ хойш тус кафе нь үйлчлүүлэгч ихтэй байгаа бөгөөд байнгын үйлчлүүлэгч ихтэй тул ажлын өдрүүдэд ч суудал багатай байдаг юм байна.

Хэрвээ багахан цагийг энэ гайхалтай амьтантай цуг өнгөрөөж чадвал шар шувуу нь ер бусын элгэмсэг, өхөөрдөм амьтан болохыг олж мэдэх бололцоотойг үйлчлүүлэгчид санууллаа. Шар шувууны хувьд шөнийн амьдралтай амьтан тул кафены дотор гэрэлтүүлгийг тэднийг харж чаддаг байхаар хийснээс гадна фото зураг авахдаа автомат гэрэл ашиглахыг хориглодог гэнэ. Олны талархлыг хүлээж буй энэ кафе магтах хүмүүс байхад зэрлэг байгальд амьдрах ёстой эдгээр шар шувуудыг мөнгө олох зорилгоор ашиглаж байгаад дургүйцэж буй хүмүүс бас цөөнгүй байна.


Шар шувуу сонирхогчдод зориулсан кафе  
Үзсэн: 268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй