Шууд Chart

Сергей Шойгу Дундын болон бага тусгалтай пуужин устгах гэрээнээс АНУ гарах болсныг ингэж тайлбарлав

2019-10-21 16:22:37

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Дундын болон бага тусгалтай пуужин устгах гэрээнээс АНУ яагаад гарсан шалтгааныг нэрлэлээ. Түүний үзэж байгаагаар бол АНУ-д цэргийн салбар дахь Хятад, Оросын хөгжлийг зогсоох цаад хүсэл ард нь нуугдаж байгаа гэнэ.

Сергей Шойгу “Хятадын цэрэг, эдийн засгийн хүчин чадал өсөн нэмэгдэж, Оросын батлан хамгаалах чадвар эргэн сэргэсэн, хоёр улсын цэрэг, цэргийн техникийн хамтын ажиллагаа өргөжиж байгаа нөхцөлд энэ гэрээ нь АНУ-ын ашиг сонирхолд нийцэхээ больсон” гэж мэдэгджээ.

Тэрбээр Вашингтон Москваг Дундын болон бага тусгалтай пуужин устгах гэрээгээ зөрчсөн гэж буруутгах замаар энэ гэрээнээс гарахаар эртнээс бэлтгэж эхэлсэн гэж онцолсон байна. Түүнчлэн гэрээнээс гарснаас хойш 16-хан хоногийн дараа газарт суурилуулдаг шинэ пуужингаа туршсаныг эргэн сануулжээ.

Дэлхий дахинаа өнөөдөр зэвсгийн хяналтын салбар алдагдсан нь улс орнуудын аюулгүй байдалд ноцтой заналхийлэл болж байна гэдгийг ч тэрбээр хэлсэн байна.

Дундын болон бага тусгалтай пуужин устгах гэрээг Зөвлөлт Холбоот Улс, АНУ 1987 онд байгуулсан. Энэ гэрээгээр хоёр улс Дундын болон бага тусгалтай баллистик, далавчит пуужин үйлдвэрлэхгүй, хөөргөхгүй байх үүрэг хүлээжээ.

Харин Вашингтоноос Москваг гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй гэж буруутган, энэ оны наймдугаар сарын 2-нд гэрээнээс гарсан юм. Ингээд наймдугаар сарын 19-нд Калифорнийн Сан-Николас арлаас далавчит пуужин туршсан нь 500 гаруй километр хөөрсөн билээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Сергей Шойгу Дундын болон бага тусгалтай пуужин устгах гэрээнээс АНУ гарах болсныг ингэж тайлбарлав   
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй