Шууд Chart

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын улсын зөвлөгөөн боллоо

2019-10-21 16:25:27

Монгол Улс 1934 оны 3-р сарын 26-нд Аж үйлдвэрийн комбинатыг ЗХУ-ын барилгын мэргэжилтэй ажилчид, ИТА нар улсын мэдэлд хүлээлгэн өгчээ. Монгол улсын Аж үйлдвэрийн тулгын чулуу болсон Монголын үндэсний үйлдвэрлэлийн анхны суурь ингэж тавигдсанаар хөнгөн аж үйлдвэрийн салбар хөгжсөн түүхтэй. Энэ жил тус салбарын түүхт 85 жилийн ой тохиож, “Хөнгөн аж үйлдвэрийн салбарын улсын зөвлөгөөн”-ийг өнөөдөр төрийн ордны их танхимд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нээж, Дэд сайд Ж.Сауле тэргүүтэй хөнгөн үйлдвэрийн салбарын 1000 төлөөлөгчид салбарынхаа өнөөгийн төлөв байдалд үнэлэлт дүгнэлт хийж, цаашдын бодлого, зорилтыг тодорхойлохоор зөвлөлдсөн юм.

Монгол Улсын Засгийн газраас хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ, дэвшилтэт технологи ашиглах, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл эрхлэх, импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хог хаягдал, дахин боловсруулах үйлдвэрлэл болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого дэвшүүлэн ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгалыг эхлүүлэх зорилтуудыг дэвшүүлэн тавьсан юм.

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор “Сав, баглаа боодол”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байна. Салбарын хөгжлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Мэргэжилтэй ажилтан, Арьс шир зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулж байна.

Цаашид ч хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого зорилтуудыг улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ орнууд болон бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн тулгуур салбар болох зорилго тавин ажиллаж байна.

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 85 жилийн ойн хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам 21 бүтээлч ажлыг өрнүүлж, “Монгол экспорт экспо-2019” үзэсгэлэн худалдаа, “Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум, Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийх хэлэлцүүлэг, Ой мод, оёдлын салбарын шилдгүүдийг шалгаруулах ажил мэргэжлийн ур чадварын уралдаан, Спортын 4 төрөлт тэмцээн, Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуйн хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн хөрөнгө оруулалтаар ШУТИС-ийн Хувцас судлалын төвд шинээр “Инновацийн лаборатори”, Тусгай сургалттай 29 дүгээр сургаалд номын сан, Нийслэлийн захирагчийн албатай хамтран 9 дүүрэгт “Хөх савгүй” аян, Эко үйлдвэрлэлийг дэмжсэн “Эх дэлхийгээ хайрлая- Модоо хамгаалъя 3R” хөдөлгөөн аяныг тус тус зохион байгуулсан байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Хөнгөн аж үйлдвэрийн салбарын улсын зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй