Шууд Chart

Оросын бүх даланд хяналт шалгалт хийнэ

2019-10-21 16:30:45

Оросын байгалийн хяналт шалгалтын газраас Красноярскийн хязгаарт гарсан үйл явдал давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Оросын бүх даланд хяналт шалгалт хийх гэж байна. Энэ асуудлыг өнөөдөр Засгийн газарт хэлэлцэхээр болжээ.

Үүнээс гадна Оросын байгалийн хяналт шалгалтын газар “Сисим” компанийн үйл ажиллагаа явуулдаг бүх газарт энэ сарын 23-наас шалгалт хийх юм байна.
Оросын Красноярскийн хязгаарын Щетинкино суурингийн бүсэд энэ сарын 19-нд Сейба голд алт олборлох уурхайн далан задарч, ажилчдын нийтийн хоёр түр байрыг усанд автуулсан юм. Тухайн байруудад 80 хүртэл хүн байрлаж байсан гэж хэвлэлүүдэд мэдээлж байна.

Хамгийн сүүлчийн мэдээллээс үзэхэд, далан задарсны улмаас 15 хүн амиа алдсан байна. Мөн таван хүн ор сураггүй алга болж, 26 хүн гэмтэж бэртэн эмнэлэгт эмчлүүлж байна.

Далан задарснаас болж 4 метр өндөр уулын усны давалгаа үүссэн гэж бүсийн засаг захиргааны эх сурвалж мэдээлж байна. Алтны уурхай тайгад оршдог, суурин газраасаа хол учир холбоо барихад хүндрэлтэй байсан гэнэ. Красноярскийн хязгаарын Засгийн газрын төлөөлөгч Юрий Лапшин их хэмжээний хур тунадас орсноос болж далан задарсан байж болзошгүй гэж үзэж байна.

Далан задарсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, хяналт шалгалтаа эхлүүлээд байна. Энэ хэргээр “Сисим” компанийн захирал болон хоёр ажилтныг саатуулжээ. Мөн алтны уурхайн оффист нэгжлэг хийж, техник болон санхүүгийн баримт бичгүүдийг нь хураан авсан байна.

Нийт таван далан задарсан бөгөөд бүгд хууль бусаар баригдсан гэдгийг Красноярскийн мөрдөн шалгах хорооноос мэдээлж байгаа юм. Энэ хэрэгтэй холбогдуулан Оросын төрийн тэргүүн Владимир Путин осолд өртсөн хүмүүст тусламж үзүүлэх даалгавар өгчээ. Хөдөлмөрийн яамны мэдээлснээр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр 1 сая рублийн даатгалын төлбөр төлөх юм байна. Түүнчлэн Красноярскийн хязгаарт өнөөдрийг гашуудлын өдөр болгон зарлаж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Оросын бүх даланд хяналт шалгалт хийнэ   
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй