Шууд Chart

Японы шинэ эзэн хаанд зориулсан ёслолд дэлхийн 174 орны төлөөлөгч оролцоно

2019-10-22 09:49:48

Японы эзэн хаан Нарухито хаан ширээнд заларч, тус улсад шинэ эрин эхэлснийг тохиолдуулсан төрийн ёслол нийслэл Токио хотноо өнөөдөр болох гэж байна.

Энэ  ёслолын арга хэмжээнд оролцох дэлхийн улс орнуудын удирдагчид энэ өдрүүдэд Японд хүрэлцэн очиж байна. Токио хот дахь эзэн хааны  ордонд ёслолын энэ ажиллагааны сүүлчийн бэлтгэлийг хангаж байгаа тухай Эн Эйч Кэй мэдээлж байна. Өнөөдөр эзэн хаан Нарухито хаан ширээнд сууж байгааг илтгэсэн хэд хэдэн ёсыг  үйлдэх ёстой юм. 

Жишээ нь хааны уламжлалт хувцас хэрэглэлийг өмсч эзэн хааны ордны гол танхимд байдаг Такамикура хэмээх хааны  суудалдаа залрах ёстой юм. Такамикура  гэдэг хааны  энэ  суудал нь Хэйан эриний үеийн хэлбэр загвартай. Өнөөдөр Нарухито хааны залрах энэ суудал нь 1915  онд хийгдсэн, 6,5 метрийн өндөртэй, 8 тонны  жинтэй  юм байна.

Харин хатан хааны залрах Митёдай суудал нь эзэн хааныхаас арай жижиг хэмжээтэй байдаг  юм байна.  Үүний дараа Японы Ерөнхий сайд,  засгийн газар, парламентын гишүүд  болон уригдсан зочдод хандан хаан ширээнд заларснаа зарлах   ёстой юм.  Харин орой нь эзэн хааны ордонд  шинэ эзэн хааны  анхны  хүлээн авалт болох юм байна.

Харин тус улсын зарим нутгаар Хагибис нэртэй хар салхи дайран өнгөрч олон  арван хүн амь насаа алдсантай холбоотойгоор  эзэн хаан  Нарухитогийн хатан хааны хамтаар хотын гудамжаар ард иргэдтэйгээ мэндчилэх ёслолыг ирэх сарын 10 болгож хойшлуулаад байгаа юм. Японы гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр  шинэ эзэн хаан Нарухито хаан ширээнд заларсныг тохиолдуулсан энэ арга хэмжээнд дэлхийн 174  орны 2 мянга орчим төлөөлөгч  оролцох юм  байна. Японы шинэ  эзэн  хаан Нарухито  өнгөрсөн  5 дугаар сарын  1-нд хаан ширээнд  заларч,  тус улс  Рэйва хэмээх шинэ эринд шилжсэн  билээ. Харин энэ сарын  22-ны  өдөр  ёслолын  томоохон ажиллагаа зохион байгуулж  дэлхий  нийтэд  шинэ  эзэн хаантай болж, шинэ цаг тоололд шилжсэнээ зарлахаар  засгийн газраас шийдвэрлэсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы шинэ эзэн хаанд зориулсан ёслолд дэлхийн 174 орны төлөөлөгч оролцоно  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй