Шууд Chart

В.Нэргүй: “Болор цом”-д миний шүлгээс муу шүлэг түрүүлчихээр гомдол төрдөг, сайн бол баярладаг

2019-10-23 10:03:05

Энэ намрын сарууд тоглолтын хөлд дарагдаж, тэр тусмаа Монгол Улсын нэр зүстэй уран бүтээлч, дуучдын тоглолт шил даран болж байна. Өөрөөр хэлбэл одуудын тоглолт. Тэгвэл энэ олон дуучдын цэнгүүн дунд “Миний хайрын зүг” нэртэй уран бүтээлийнхээ тоглолтыг үзэгч олноо толилуулахаар зэхэж буй Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч В.Нэргүйтэй хөөрөлдлөө.

-Монголын зохиолчдын эвлэл гэдэг их айлын босгоор хэзээ алхаж оров. Энэ айлын өнгийг юу гэж хардаг вэ?

-Би хорвоогийн утга, амьдралын учир таниагүй залуу хүүхэд байхдаа энэ их айлын босгоор алхаж орсон. Монголын зохиолчдын эвлэл хэмээх их айл хамгийн түрүүнд хүнийг хайрлах ямар сайхан байдаг юм бэ гэдэг мэдрэмжийг надад өгсөн. Монгол хэлний энхийн манаанд зогсож, их уран зохиолын гал голомтыг бадрааж яваа энэ айлын халуун бүлд багтаад 20 гаруй жил боллоо. Би олон л газар ажиллаж, олон л хамт олны дунд байсан, ийм сайхан хамт олон цөөхөн байх гэж боддог.

-Их утга зохиолын босгоор 20 гаруй жилийн өмнө алхаж байсан хүү өнөөдөр үзэгч сонсогч олондоо уран бүтээлээ тайлагнах гэж байна. Удахгүй болох "Миний хайрын зүг" тоглолтынхоо тухай ярихгүй юу?

-Тоглолт уу. Одоо бол жаахан айж байна шүү. Ард түмэн, үзэгчид бол шүүгчид. Би юу хийж бүтээсэн бэ гэдгээ ард түмэндээ тайлагнаж, дүн тавиулах гэж байгаа хэрэг шүү дээ. Нэгэнт эхлээд явж байгаа учраас тоглолт болдгоороо болно. Миний тоглолтод ард түмний дууг нь сонсох дуртай таван гавьяат дуучин,  таван Соёлын тэргүүний ажилтан, Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж тэргүүтэй яруу найрагчид гээд олон сайхан уран бүтээлчид оролцож байгаа. Энэ миний анхны бие даасан уран бүтээлийн цэнгүүн учраас хичээх эмээх хоёр зэрэгцэж байна.

-Хэдэн настайгаасаа шүлэг бичсэн бэ гэхээр анхны шүлэг, анхны багш гээд дурсамж хөвөрч таарна?

-Би дөрөвдүгээр ангид байхдаа шүлэг бичиж байсан. Манай Монгол хэл, уран зохиолын багш Дамдинсүрэн гэдэг хүн шүлэг яруу найрагт дурлуулсан гэж боддог. Улаанбаатарт оюутан болж ирэхэд Төрийн шагналт Д.Батбаяр багш анх хичээл зааж, мөн нэрт яруу найрагч О.Дашбалбар, Д.Чинзориг гээд олон сайхан хүмүүс шүлгийг чихэр шиг хүлхүүлж амтанд нь оруулсан даа.

-Яруу найрагчдын ихэнх нь насны эрхээр ч гэх юм уу, цагийн аясаар ч гэх юм уу үргэлжилсэн үгийн зохиол бичиж эхэлдэг. Танд ийм бодол байна уу?

-Үргэлжилсэн үгийн зохиол бичиж эхлээд байгаа ч олны хүртээл болгоход эрт байгаа юм уу даа. Бичих нэг өөр, бичсэнийхээ дараа өөрийнхөө алдааг түүх бас өөр юм. Өгүүллэгийн ном бэлдэж байна. Энэ номоо “Өвгөн” гэж нэрлэх санаатай. Ер нь жилийн жилд л тариаланч хүн ургацаа арвижуулахыг хичээдэг шүү дээ. Үүнтэй ижил нас тогтоод ирэхээр уран бүтээл дээрээ суух цагаа илүү уртасгадаг юм болов уу.  

-Нэг үеэ бодвол яруу найргийн наадмууд олширчээ. Таны хувьд чамгүй олон наадамд оролцож бас чиг амжилт гаргадаг найрагчдын нэг. Яруу найргийн наадам байх нь зөв буруу гэсэн маргаан байдаг. Таны хувьд?

-Ямар нэгэн байдлаар яруу найрагчид чуулж, шүлэг бүтээлээ дуудаж, хоорондоо уралдаж байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ яруу найргийн наадам хоёр талтай. Яруу найргийг сурталчлах, яруу найрагчийг таниулах үүрэгтэй байх. Мөн шүлгийн чанар чансааг ч харж болно. Энэ бол аль нэг аймаг сум, эсвэл хувь хүний нэр хаасан урлаг соёлын арга хэмжээг халхалсан халхавч бол биш. Тиймээс яруу найргийн наадам болох нь зөв. Гол нь шударга байх нь чухал. 

-Манайд болдог хамгийн том гэж болох "Болор цом"-д хэдэн удаа оролцов. Энэ наадмын талаар?

-“Болор цом” наадамд найман жил нэгийн даваанаас ойчсон бөх дөө. Яах вэ унах бөхийн нэр багтаж байж наадам дүүрдэг дээ. Энэ утгаараа “Болор цом”-д миний шүлгэнээс муу шүлэг түрүүлэхээр гомдол төрдөг. Миний шүлгээс илүү шүлгүүд тунаж үлдээд байвал баярладаг.

-Та бол 1990-ээд оны дунд үеийн төлөөлөгч. Үеийнхнээсээ шилдгүүдийг нь нэрлээч гэвэл?

-Цаг хугацаа уран бүтээлчийг тодруулдаг. Би хэн нэгнийг шилдэг гэж дагаж намирдаггүй. Гэхдээ уншууртай мөлжүүртэй шүлэг бүхэнд хайртай. Манай үеийнхэнд уламжлалт яруу найргийг урлаж, шинэ шатанд гаргаж яваа олон сайхан найрагчид бий, мөн сэтгэлгээний чиглэлд ч бичиж байгаа нөхөд байдаг. Тэгэхээр би тэр нь шилдэг гэж нэрлээд яахав, бүгдээрээ л урлан бүтээхийн төлөө шаналж яваа зовлон жаргал нэгтэй нөхөд шүү дээ. Ер нь шүлгийн чанараар нь биш зусарч зулгуйчаар нь гайхамшигтай, аугаа гэж магтан дуулдаг үе ирчихсэн юм шиг санагддаг. Хуурамч юм бүхэн худлаа шүү дээ, үнэндээ.  

-Танай үед “Баянхонгор”-ын Ц.Доржсэмбэ гэж яах аргагүй авьяас нь гэрэлтсэн найрагч байдаг. Тэр маань сүүлийн үед их л гундуу явдаг болжээ?

-Ц.Доржсэмбэ бол өөрийгөө “цөллөг”-т явуулсан яруу найрагч. Тэр “цөллөг”-өөс энэ хүнийг хэн ч авчирч чадахгүй. Хүсвэл өөрөө л ирнэ. Л.Батцэнгэл, С.Ууганбаяр, Д.Гомбосүрэн гээд бидний нөхөд хэд хэдэн удаа “цөллөг”-өөс авчрах гэж оролдсон ч дийлээгүй. Шүлэг бүхэнд нь хүн дурладаг. Тааруухан шүлэг байсан ч Ц.Доржсэмбэд цаасан малгай өмсгөдөг. Энэ нь их том хор болж байгаа. Үнэндээ би ч архичин байсан. Амьдрал гундуухан явах хэцүү. Таарсан болгон аяга шөл авч өгөхөөсөө илүүтэй нэг шил юм авч өгчихөөд салаад явахдаа муу явааг минь зарлаж байдаг. Энэ бол амьдралын бичигдээгүй нэг тогтолцоо. Ц.Доржсэмбэд үе үеийн бүх яруу найрагчид хайртай байсан. Байсан гэдэг нь одоо тэр хайр нь хуурамч болж хувирсан гэсэн үг.   

-Яруу найрагч, зохиолчдоос хэнтэй нь илүү нөхөрлөдөг вэ?

-Би амьдралын хүрээнд хүн чанартай байхыг л хичээдэг. Яруу найрагчид ямар ч цагт сэтгэл нэг байж чаддаг. Ах дүү хамаатан саднаасаа илүү хэн нэгэн шүлэг бичдэг найз руугаа, ах эгч рүүгээ, дүү нар руугаа л гүйдэг. Тийм итгэлийн зөрөг бидний дунд байдаг. Би  Төрийн шагналт Ц.Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очир ах хоёроос их том хүн чанар, хүн сэтгэл, түшиг тулгуур мэдэрдэг. Үнэндээ энэ хоёр хүнээс их эмээдэг. Энэ хүмүүсийн сэтгэлийн уул дулаан санагддаг. Гэхдээ өдөр шөнөгүй ахаа энэ тэр гээд гүйж очоод байдаггүй. Тийм ч зориг зүрх хүрдэггүй. Байгаа нь л хийж бүтээсэн нь л өөрөө том үлгэр, том сургууль санагддаг.

-Та "Бэрс" дээд сургууль төгссөн билүү. Нэгэн үе МУИС, УБИС-тай сэтгүүл зүйгээр өрсөлдөж байсан энэ сургуулиас олон яруу найрагч, зохиолч төрсөн санагдана?

-Үе үеийн гайхамшигтай олон найрагчид манай сургуулиас төрсөн. Ер нь манай сургууль нэгэн үеийн шүлэг найрагт дуртай хүүхэд бүхний хүслийн цагаан давалгаа байсан. Энэ сургуулийг дүүргэсэндээ би баярлаж явдаг. Яг үнэндээ манай сургууль бол яруу найрагч л төрүүлэх гэж гарч ирсэн байх. Тиймээс л нэгэн үеийн сайхан гэгээн найрагчдыг төрүүлсэн. Магадгүй нэгэн цаг тооллын зөв үзэгдэл байсан ч байж болох. Олон сайхан сэтгүүлч яруу найрагчдыг төрүүлж чадсан сургууль шүү миний сургууль.

-Үе үе шүлэг найрагт дуртай залуус дагуулчихсан яваа хаырагддаг. Ингэхэд та олон шавьтай юу?

-Миний хүнд юм зааж сургана гэж юу байх вэ. Гэхдээ уянгалагхан сайхан шүлэгтэй хэд хэдэн хүүхэд бий. С.Одгэрэл, Ц.Отгонбаатар гээд өнөө цагийн шинэ тодотгол болж гарч ирж байгаа сайхан яруу найрагчид бий. Тэдэнд өөрсдөд нь бичих өгөгдөл бий учраас би хүн байхыг л тэднээсээ хүсдэг.

-Гэр бүл, хувийн амьдралын тань тухай асуухгүй өнгөрч болохгүй?

-Миний хань Өвөрхангай аймгийн Хархорины Сумъяагийн Сарантуяа гэж бүсгүй байна. Энэ хүний тавиланд намайг сонгож ирсэн бүсгүй хүн. Өөрийнхөө төлөө биш миний төлөө л зүтгэж яваа хүн. Хайрлам сайхан хань надад ирсэн. Охин минь “Ирээдүй” цогцолборын дөрөвдүгээр ангид сурдаг Н.Энхцэцэг гэдэг охин бий. Энэ хувь заяанд миний төлөө сайн муу аль аль тал дээр үнэнч байх хоёрхон хүн нь энэ хоёр ч байж мэднэ.

-Авьяас удамшдаг гэдэг. Хүүхдүүдээс чинь шүлэг зохиол оролдож байна уу?

-Охин минь шүлэг бичиж, түүнийгээ бас их зоримог уншдаг. Хүүхдийн зохиолууд охинд минь заримдаа жижигдээд байх шиг санагддаг. Нэг л өдөр цуурч гарч ирэх гэж байгаа юм шиг санагдаад байдаг. Харин хэзээг нь мэдэхгүй. Би охиныхоо бичсэн шүлгийг зүгээр л сонсдог. Нэг ч үг хэлж үзээгүй. Ангидаа болохоор их бүрэг юм шиг байгаа. Хэзээ тэр бүрэг зангаа гээх юм бүү мэд.

С.Ууганбаяр

Нийтэлсэн: У.Баярсайхан

В.Нэргүй: “Болор цом”-д миний шүлгээс муу шүлэг түрүүлчихээр гомдол төрдөг, сайн бол баярладаг  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-26 13:04
ийм хэв маяггүй хүний ярилцлагаас үнэн л үнэртэнэ...Бэрс чинь бас агуу найруулагч төрүүлсэн ш дээ Жанчивдоржийн Сэнгэдоржийг минь...тэ

Бидэнтэй нэгдээрэй