Шууд Chart

Хуримтлалын аяныг эхлүүлэв

2019-10-23 12:12:51

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг угтсан нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2018.10.21/ боллоо. Уг арга хэмжээний үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Гадаад харилцааны яамны зөвлөх Ц.Болор, Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун нар үг хэлж, Дэлхийн хуримтлалын өдөр, хуримтлалын ач холбогдол, Монгол-Германы хамтарсан төслийн үр дүн, харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд банкны үүрэг зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 2017 оноос Монгол Улс даяар тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ онд тус өдрийг Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Хадгаламжийн Даатгалын Корпораци хамтран “Хариуцлагатай харилцагч, хариуцлагатай банк” аяны дор 10 сарын 31-нд арилжааны бүх банкуудтай хамтран “Хэмнэе, хуримтлуулъя” уриатай тэмдэглэх гэж байна. “Дэлхийн хуримтлалын өдөр” нь хүүхэд залуучууд болон иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, иргэдийг санхүүгээ төлөвлөгөөтэй удирдах, зөв дадалд сургахад чиглэсэн нэгдсэн үйл ажиллагаа юм.  Энэхүү өдрийг дэлхийн 140 гаруй улс орон ач холбогдол өгч, ёслол төгөлдөр тэмдэглэдэг бөгөөд 2017 онд Монгол Улсын хуримтлалын үндэсний бэлгэ тэмдэгтэй болсон.

Энэ жил “Дэлхийн Хуримтлалын Өдөр”-ийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд нэгдсэн арга хэмжээ нь 10 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод, 11 дүгээр сарын 6-нд Дархан хотод, 11 дүгээр сарын 8-ны өдөр Эрдэнэт хотод тус тус зохион байгуулагдана.


Хуримтлалын аяныг эхлүүлэв  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй