Шууд Chart

Иргэд АТГ-ын үйл ажиллагааг дэмжиж, авлигын эсрэг хамтдаа тэмцэхийг уриалав

2019-10-23 16:00:00

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 21-23-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллаж байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Мөнхбат, Засаг даргын орлогч Т.Мөнхболд тэргүүтэй албаны хүмүүстэй уулзаж, удирдамж чиглэлээ танилцуулсан байна.

Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, иргэдтэй уулзалт ярилцлага хийх, сургалт сурталчилгаа явуулах, тэдгээрийн санал хүсэлтийг сонсох зэрэг иргэдэд чиглэсэн “Олон нийтийн хяналт ба Шударга ёс” уулзалт, “Танай аймагт” иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөгийг зохион байгууллаа. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Баруун-Урт сумын хоёрдугаар багийн иргэн Д.Гансүх “Авлигатай тэмцэх газраас ирж иргэдээ сонсож, үйл ажиллагааныхаа талаар товчхон бөгөөд ойлгомжтой мэдээлэл өгч буйд талархаж, өнөөдрийн уулзалтаас иргэдийн хяналт, оролцоо чухал гэдгийг ойлголоо гэв. Мөн тэрээр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг дэмжиж, авлигын эсрэг хамтдаа тэмцэхийг иргэдэд уриаллаа.

Баруун-Урт сумын тавдугаар багийн иргэн н.Батдэлгэр “Иргэдэд зориулж соён гэгээрүүлэх ажил зохион байгуулж буй нь сайшаалтай байна. Ерөнхий боловсролын сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн сургалтын хөтөлбөрт шударга ёсны хичээл оруулах нь зүйтэй. Хүн болох багаасаа гэсэн үг байдаг, багаас нь шударга, зөв хүнийг бэлтгэх нь чухал” хэмээв. Иргэд энэ мэтчилэн өөрсдийн санал сэтгэгдлээ илэрхийллээ. Түүнчлэн аймгийн ИТХ, ЗДТГ иргэдийг энэхүү үйл ажиллагаанд хангалттай хамруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай талаар иргэд онцлов.

Авлигын нийгмийн хор хөнөөлийг өнгөрсөн 12 жилийн туршид Авлигатай тэмцэх газраас шалгасан эрүүгийн гэмт хэрэг, түүний улмаас учирсан хохирлын хэмжээ, мөнгөн дүн, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийсэн ажлын агуулга, үр дүн, тоон мэдээлэлд тулгуурлан тайлбарласан нь иргэдийн талархлыг хүлээж байна.

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан “Танай аймагт” иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн цагдаагийн газар зэрэг нутгийн захиргааны байгууллагууд дэмжин оролцов. Өнөөдөр буюу аравдугаар сарын 22-нд ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад зориулан “Авлигын эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал”, “Авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл”, “Албан тушаалтны ХАСХОМ, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд сургалт, семинар зохион байгуулж байна.


Иргэд АТГ-ын үйл ажиллагааг дэмжиж, авлигын эсрэг хамтдаа тэмцэхийг уриалав  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй