Шууд Chart

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзав

2019-10-23 14:54:07

УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Н.Оюундарь нар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн (АОХН) төлөөллийг өнөөдөр  (2019.10.23) Төрийн ордонд хүлээн авч  уулзлаа. УИХ-ын гишүүн Л.Болд, Монгол Улсад ардчилсан хувьсгал үүссэний 20 жил, анхны чөлөөт сонгууль явагдсаны 30 жилийн ой ирэх онд тохионо. Энэ үйл явдалтай Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн 20 жилийн ой давхцаж байгааг онцлоод, Улаанбаатар хотноо ойн арга хэмжээг хамтад нь зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрбээр Монгол Улс ардчиллын боловсролыг хөгжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд дэмжлэг үзүүлэх, АОХН-ийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд бусад улс оронтой хамтран ажиллах, туршлага солилцох, авилгатай тэмцэх зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ажилласныг онцлон дурдав.

Манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сард амжилттай зохион байгуулсан. Энэ нь Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, түүний дотор ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох тухай Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын заалтыг хэрэгжүүлэхэд бодитой алхам болсон юм.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг нь ардчиллыг дэмжих, ардчиллын хэм хэмжээ, институцийг хөгжүүлэн бэхжүүлэхэд улс орнуудын нэгдмэл байр суурийг баталгаажуулах зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага юм. Байгууллагыг анх 2000 онд Польш Улсын Варшав хотноо болсон Гадаад хэргийн сайд нарын анхдугаар бага хурлаар байгуулсан бөгөөд эдүгээ дэлхийн 140 орчим орныг эгнээндээ нэгтгэсэн ардчиллын төлөөх томоохон байгууллага болоод байна. Харин манай улс тус нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.


Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй