Шууд Chart

Ерөнхийлөгч Путин болон Эрдоган нар Курдуудын асуудлаар хэлэлцээрт хүрчээ

2019-10-23 16:02:44

Турк болон Сирийн Курдуудын хооронд үүсээд байгаа зөрчилдөөнд өөр нэг нөлөө бүхий тоглогч орж ирээд байгаа нь ОХУ юм. ОХУ-ын ерөнхийлөгч Путин болон Туркийн төрийн тэргүүн Эрдоган нар Курдуудын асуудлаар хэлэлцээрт хүрээд байгааг мэдэгдлээ. Энэ хэлэлцээрийн дагуу Сирийн хойд хилийн дагуух бүсэд Оросын болон Туркийн цэргүүд хамтарсан эргүүлд гаргаж, аюулгүй байдлыг хянах юм байна.

ОХУ–ын ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн ерөнхийлөгч Тайп Эрдоган нарын уулзалт мягмар гарагт Сочи хотод боллоо. Хоёр удирдагчдын хооронд олон цагийн турш үргэлжилсэн яриа уулзалтын дараагаар талууд Сирийн хойд бүс нутагт үүсээд байгаа асуудлаар хэлэлцээрт хүрч чадлаа гэдгээ мэдэгдсэн байна. Энэ хэлэлцээрийн дагуу Туркийн хяналтандаа аваад байгаа Сирийн хойд хилийн дагуух аюулгүй бүсээс Курд дайчид болон тэдний зэвсэг, техникийг эргүүлэн татах хугацааг дахин 150 цагаар сунгасан байна.

Мөн Туркын талаас цэргийн ажиллагаа явуулж эзлэн аваад байгаа Сирийн хойд бүс нутагт Орос болон Туркийн цэргүүдийн хамтарсан эргүүл гарахаар болжээ. АНУ-ын зуучлалтайгаар Туркийн арми болон Сирийн Курдын дайчид таван өдрийн турш гал зогсоосон юм. Энэ түр гал зогсоох хугацаа дуусахаас өмнөхөн Орос болон Туркийн талууд ийнхүү шинэ хэлэлцээрийг байгууллаа. 10-р сарын 9-нд Туркийн арми Сирийн хойд бүс нутагт цөмрөн орсон юм. Тухайн үед Турк улстай хил залгаа Сирийн хотууд Курдуудын хяналтад  байдаг байсан юм. Анкарагийн зүгээс Курдуудыг улсынх нь аюулгүй байдалд заналхийлэл учруулах хэмжээний террористууд гэж тодорхойлон, тэднийг цэвэрлэх ажиллагааг эхлүүлж байгаагаа зарласан байдаг.

Энэ бүх үйл явдал АНУ Сирийн хойд  бүс нутгаас цэргээ эргүүлэн татах шийдвэрийг гаргасны дараа өрнөж эхэлсэн юм. Тэгвэл Турк болон Сирийн хоорондох асуудалд гол тоглогчоор ОХУ орж ирээд байна. Ер нь ОХУ Сирид олон жилийн турш үргэлжилж байгаа иргэний дайнд ерөнхийлөгч Башар Аль Асадыг дэмжиж ирсэн юм. Сирийн ерөнхийлөгч Башар Аль Асадад туслах үүднээс Орос улс ийнхүү Турктэй яриа хэлэлцээ өрнүүлэхэд хүрсэн гэж ойлгож болно. Туркийн талаас Сирийн хилийн дагуу 444 км урттай, 32 км-ын өргөнтэй газар нутгийг аюулгүй бүс болгож, эндээ дүрвэгчдийг байрлуулан гэж мэдэгджээ. Турк болон Сирийн Курдуудын хоорондох мөргөлдөөний улмаас өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд 170 мянга гаруй хүн орон гэрээ орхин явахад хүрсний 80 000 нь хүүхэд байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Путин болон Эрдоган нар Курдуудын асуудлаар хэлэлцээрт хүрчээ  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй