Шууд Chart

Монголын багийн хоёр дахь медалийн эзэн Мөнхтөрийн Лхагвагэрэл

2019-10-31 08:46:59

125 кг-ын жинд залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, Тахтийн цом, Дмитрий Коркин, Дмитрий Миндиашвили, “Байгаль Опен”, “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл медальт, Роман Дмитриев, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий аварга, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин, “Аварга” сургуулийн оюутан ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Унгарын нийслэлээс Монголын эрэгтэй баг тамирчдын хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн түүхэнд нас насны ангиллаас хамгийн хүнд жинд дэлхийн анхны медальтан болж байна.

Монголын чөлөөт бөхийн хүнд жинд цаашид авч явах учиртай М.Лхагвагэрэл Будапештэд тэгшитгэлийн барилдаанд Кыргызстаны Кыргызстаны Музаффар Жаппуевыг оноогоор цэвэр (12:1) ялсан ч 1/8 шигшээд ОХУ-ын Виталий Голоевт 2:3-аар ялагдсан.

Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд БНХАУ-ын өвөрмонгол залуу Эр Сонгбуг 6:1-ээр, Бүх Африкийн наадам болон Африк тивийн хошой аварга Египетийн Халед Мохамед Абдаллаг 12:1-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Даниэль Керквлиетийг хүнд барилдааны эцэст 4:4-өөр ялж, шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм. Түүний анхны багш, олон бөхчүүдийг гарыг нь ганзганд, хөлий нь дөрөөнд хүргэсэн ачтан, гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүүд халуун баяр хүргэе.

Дашрамд сонирхуулахад, өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдсан манай гурван тамирчин 20 жилийнхээ түүхт ойгоо тэмдэглэж буй “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн “бүтээгдэхүүн”-үүд. Б.Бямбадорж, Г.Ганхуяг нар тус сургуулийг дүүргэсэн бол М.Лхагвагэрэл өдгөө сурч байгаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын багийн хоёр дахь медалийн эзэн Мөнхтөрийн Лхагвагэрэл  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй