Шууд Chart

Худалдаа, хөгжлийн банк Монголын хөлбөмбөгийн холбоог дэмжин ажиллана

2019-11-01 15:12:32

Багийн спортыг дэмжигч Худалдаа, хөгжлийн банк Монголын хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагааг дэмжин ажиллахаар боллоо.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны стандартаар бүтээн байгуулагдаж байгаа хөлбөмбөгийн талбайн орчны тохижилтод 1 тэрбум төгрөгийн ивээн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.

Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирал Б.Мэдрээ, МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ө.Шижир нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Түүнчлэн Яармагт баригдах олон улсын стандартыг хангасан хөлбөмбөгийн талбайг ХХБанкны нэрэмжит болгон “TDB Center” гэж нэрлэх болсныг мөн зарлалаа. Гэрээнд заасны дагуу 1 тэрбум төгрөгийн 70 хүртэлх хувийг "TDB" цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтод зарцуулна. Энэхүү талбай нь манай улсад баригдсан хамгийн том хэмжээтэй буюу 73 харьцах 115 метр гэдгээрээ онцлогтой.

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн хувьд амжилт нь жил ирэх тусам өсөж байна. Өнөөдрийн байдлаар Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны 2 дахь сунгаанд анх удаа шалгарч, анхны гоол цаашлаад анхны хожлоо авсан нь үүнийг бэлхэн харуулж хөлбөмбөг сонирхогчдыг баярлуулсан. Үндэсний шигшээ баг Мьянмар улсын эсрэг 11 сарын 19-ны өдөр энэ шатны ээлжит тоглолтоо хийнэ. Энэ тоглолтын бэлтгэл болгож тэд тун удахгүй Камбож улсыг зорих гэж байна.

Сүүлийн жилүүдэд Үндэсний компаниуд хөлбөмбөгийн спортыг дэмжин хөрөнгө оруулалтуудыг ихээр хийж, энэхүү спортын хөгжил хурдасч, манай шигшээ багийн үзүүлэх амжилтууд, чансаа нь жил ирэх тусам сайжирсаар байна. Мөн цаашид ч Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргах Үндэсний шигшээ багийнхаа амжилтыг бататган ахиулахын төлөө тоглолтын бэлтгэл, тэмцээнүүдэд ХХБанк хамтран ажилласаар байх болно.

Хүн төрөлхтний агуу гайхамшиг болсон хөлбөмбөгийн спортоор эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй Монголынхоо тамирчдыг, үнэнч хөгжөөн дэмжигч та, бид нэгдэж сэтгэл зүрхээрээ дэмжицгээе.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Худалдаа, хөгжлийн банк Монголын хөлбөмбөгийн холбоог дэмжин ажиллана   
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй