Шууд Chart

А.Алтангэрэл: Үндэсний баяр наадмыг эс тооцвол Монголд энэ шоунаас өөр томоохон арга хэмжээ болоогүй байх аа

2019-11-04 09:02:01

МҮОНТ-ээр ням гараг бүрийн үдэш гарч буй “Монголын нинжа дайчид” шоуны ээлжит оролцогч, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн штабын туслах, ахмад Адилаагийн Алтангэрэлтэй уулзаж, тус шоуны сэтгэгдлийг нь сонсов.

Тэрбээр Өмнөд Судан дахь цэргийн багт үүрэг гүйцэтгэж, энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан гавьяатан. Харин одоо Үндэсний Батлан Хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалах удирдлагын академид Команд штабын дамжаанд сурч байгаа аж.

“Монголын нинжа дайчид” шоунд оролцоход юу нөлөөлсөн бэ. Хэн нэгний ятгалаг байсан уу?

-Энэ шоунд оролцох саналыг манай ажлын нэг залуу анх хэлсэн юм. Тэр үед өөртөө жаахан эргэлзэж байсан боловч орох хүсэлдээ дийлдэж бүртгүүлсэн. Тэгээд ч ажлынхаа хүнтэй хамт оролцсон болохоор сэтгэлзүйн хувьд арай өөр санагдсан л даа. Ямартай ч өөрийнхөө амьдралд түүх нэмж, дэлхийн хэмжээний шоунд оролцож үзсэндээ баяртай байна.

-Уг тэмцээнийг та өөр аль нэг улсад болж байхад нь телевиз, интернэтээр үзэж байсан уу?

-АНУ-д зохиогдсоныг нь интернетээр анх үзэж байсан. Тэр үед их сонирхолтой, авхаалж самбаа шаардсан юм шиг санагдаж байв. Мөн “Үүнд оролцох боломж гарвал оролцож үзэх юмсан” гэж бодож байсан ч яг цагаа тулахаар дээр хэлсэн шиг сонин санагддаг юм билээ.

-Тэмцээнд оролцохоос өмнө танд даалгаварууд хэрхэн төсөөлөгдөж байсан бэ?

-Биеэрээ мэдрээгүй байх үед их догдолж, айж байсан. Тэмцээн болох газрыг нь очиж хараагүй болохоор ямархуу төхөөрөмжүүд байгаа бол, хэр их хүнд даалгавар оногдох бол, би тэнцэх болов уу гээд л янз бүрээр төсөөлсөн.

-Тэмцээний зохион байгуулалт, аюулгүй байдал хэр хангагдсан гэж үзэж байна вэ?

-Аюулгүй байдлыг маш сайн хангасан байсан. Хэн нэгэн оролцогч замын бартаа, саадыг давах явцдаа унавал бэртэж гэмтэх ямар ч нөхцөлгүйгээр төхөөрөмжилсөн байсан. Унавал шууд ус руу унана. Харин тэр даруйд нь онцгой байдлын аврагчид хажууд дагаж яваа болохоор сэлж чадахгүй хүмүүст туслах үүрэгтэй байсан. Тэгэхээр оролцогчид “Ус руу унавал яах бол” гэсэн айдас, дарамтгүйгээр чөлөөтэй өрсөлдөх боломжтой болсон байсан.

-Энэхүү тэмцээнд зориулж, тусгайлан бэлтгэл хийж амжсан уу?

-Миний хувьд тэмцээнд их орой бүртгүүлсэн. Учир нь ҮБХИС-д дамжаанд сууж байгаа болохоор зав, чөлөө муу байлаа. Гэхдээ тодорхой хэмжээгээр биеэ хөнгөлөхийн тулд гэрээсээ сургууль хүртэл өдөр бүр дугуйгаар явдаг болсон. Тэр мэрийлт маань бодож байснаас жаахан ч гэсэн жин хасахад нөлөөлсөн.

-Даалгаваруудаас аль нь хамгийн хүнд, эсрэгээрээ аль нь хялбар санагдсан бэ?

-Хамгийн хялбар нь нэгдүгээр шат байсан. Гэхдээ миний харж, дотроо төсөөлж байснаас хавьгүй хэцүү болж хувирсан шүү. Харин хамгийн хүнд нь гуравдугаар шат. Хоёр болон гуравдугаар шат нэг дор болсноос гадна шөнө явагдсан учир их ядардаг юм билээ. Гуравдугаар шат бол дандаа гараар гүйцэтгэх ажиллагаатай юм билээ. Зөвхөн гарын атгалтаар шахуу хийсээр байгаад дуусгах шаардлагатай.

-Гэхдээ энхийг сахиулагчаар томилогдож байсан танд нэг их хэцүү санагдаагүй болов уу?

-Энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байхдаа “Эр хүн бүр яваад үзэх ёстой зүйлийн нэг юм байна” гэж бодож байсан шүү. Хүн бүхэнд байдаг тэсвэр тэвчээр, уур бухимдал, авьяас чадвар, сайн муу зан чанар, хүний дотор юу нуугдаж байдаг тэр бүхнийг ил гаргадаг нэгэн төрлийн томоохон шалгуур байсан. Тиймээс дээрх тэмцээнтэй ур чадвар, авхаалж самбааг эс тооцвол нэг их хамааралтай санагдаагүй.

-Таниас дахиад “Монголын нинжа дайчид” шоунд оролцох уу эсвэл энхийг сахиулахад явах уу гэвэл алийг нь сонгох вэ?

-Энэ чинь их сонин асуулт байна аа. Гэхдээ яг нэг дор ийм давхцал болохгүй байх аа.

-“Монголын нинжа дайчид” шоу таны бодож байсанд хүрч чадав уу?

-Нэг их зөрөөгүй шүү. Гаднаас нь үзэх, яг өөрөө дотор нь ороод оролцох хоёр асар их ялгаатай юм байна гэдгийг л маш сайн ойлголоо. Маш олон хүний хүч хөдөлмөр, цаг зав зарцуулагдаж байж энэ их ажлын ард гарч байгаа нь мэдээж. Анх очиход л шууд мэдрэгдсэн. Үндэсний баяр наадмыг эс тооцвол Монголд энэ шоунаас өөр ийм том арга хэмжээ болж байгаагүй байх аа. Дараа нь дахиж зохиогдвол улам гоё төгөлдөржих байх. Хүн гэдэг анх хийсэн зүйлээсээ алдаа, оноогоо хараад л явдаг шүү дээ.

-Энхийг сахиулагчаар томилогдох болсноо та анх сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Энхийг дэмжих ажиллагааны бэлтгэлд гарч, ажиллагааны оронд анх очиход маш халуун байсан. Монгол орны цаг уураас тэс өөр байсан ч хэд хоноод дасан зохицсон. Эргээд бодоход их сайхан дурсамж бүтээж, өөрөөрөө бахархмаар санагдаж байна.

-“Монгол залуусын тэсвэр тэвчээр, авхаалж самбаа бусад орныхноос хавьгүй илүү байдаг гэж олон хүн хэлдэг. Яг дунд нь байсан та юуг нь илүү онцлох вэ?

-Монгол хүн хаана ч явсан дасан зохицох чадвар сайтай гэж хүмүүсийн ярьдаг үнэн. Мэдээж дутагдалтай тал ч бий. Гэхдээ маш цөөхөн шүү. Монгол залуучууд маш чадварлаг. Мэдэхгүй, чадахгүй байсан зүйлийг ч маш хурдан хугацаанд сурдаг. Тиймдээ ч Монгол цэргийн багууд үүрэг гүйцэтгэсэн газар болгондоо нэр хүндтэй байдаг. Миний хувьд цэргийн хүн болсны хүчинд хоёр том гүрний парадад оролцож, Өмнөд судан дахь цэргийн багт үүрэг гүйцэтгэлээ. Энэ бол одоогийн байдлаар өөртөө бий болгосон том амжилт. Цаашдаа өөрийгөө хөгжүүлж, илүү ихийг хийж бүтээхийг хичээнэ ээ. Нэмж хэлэхэд “Монголын нинжа дайчид” хэмээх ийм сайхан тэмцээний эрхийг авч, Монголдоо явуулсан МҮОНТ-ийн хамт олонд халуун баяр хүргэе.

-Ярилцсанд баярлалаа.

 











Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Алтангэрэл: Үндэсний баяр наадмыг эс тооцвол Монголд энэ шоунаас өөр томоохон арга хэмжээ болоогүй байх аа   
Үзсэн: 2138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй