Шууд Chart

Леонардо Ди Каприо Шведийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбергтэй уулзжээ

2019-11-06 14:44:24

Шведийн уур амьсгалын өөрчлөлтийн тэмцэгч, идэвхтэн Грета Тунберг гэх охин дэлхий дахины хэмжээнд олон сая шүтэн бишрэгчтэй болоод байгаа юм. Тэдний нэг нь Холливуудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо юм байна.  

Алдарт жүжигчин Леонардо Ди Каприо Шведийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбергтэй саяхан уулзах үеэрээ авахуулсан зургаа инстаграм хуудсандаа оруулсан байна. Мөн тэрээр Грета Тунберг “энэ цаг үеийн удирдагчдын нэг” гэж өдгөө 16 настай идэвхтэн тэмцэгчийг сайшаан магтжээ. Мөн алдарт жүжигчин “түүх биднийг эргэн шүүнэ” гээд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг уриалсан утга бүхий комментийг оруулсан байна. Леонардо Ди Каприо бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо идэвхтэй илэрхийлдэг алдартнуудын нэг юм.

Тэрээр  байгаль хамгаалах олон төсөл хөтөлбөрийг дэмжиж иржээ. Ирэх 11-р сард Испанийн Мадрид хотод НҮБ-ын Уур Амьсгалын Асуудлаарх Бага хурал болно. Энэ хуралд Шведийн идэвхтэн тэмцэгч Тунберг оролцох хэдий ч тэрээр хэрхэн Мадридад хүрч очих нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Залуу тэмцэгч агаарын тээврээр зорчих нь хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлдэг гэдэгт итгэдэг учраас онгоцоор нисэхээс татгалздаг байна.

Тэрээр Мадрид хотод газраар болон усан замаар хүрч очиход тусламж үзүүлэхийг шүтэн бишрэгчдээс уриалаад байгаа юм. НҮБ-ын Уур Амьсгалын Асуудлаарх Бага хурал болох “COP25” анхандаа Чили улсад болохоор төлөвлөгдөж байсан ч тус улс дахь эсэргүүцлийн хөдөлгөөнөөс үүдэн цуцлагдсан юм. Сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт “Умардын Зөвлөл”-өөс Грета Тунбергийн тэмцлийг өндрөөр үнэлж, хүрээлэн буй орчны төлөөх тэмцэгчдэд олгодог шагналаа өгөхөө мэдэгдсэн юм. Гэвч залуу тэмцэгч уур амьсгалын эсрэг тэмцэхэд ямар нэгэн гавьяа шагнал хэрэггүй гэж үзэн, тус шагналыг авахаас эрс татгалзаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Леонардо Ди Каприо Шведийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбергтэй уулзжээ  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй