Шууд Chart

Их Британид өнөөдөр парламентыг тарааж, сонгуулийн кампанит ажлыг эхлүүлнэ

2019-11-06 16:12:06

Өнөөдөр Их Британийн парламентыг тарааж, бүх нийтийн сонгуулийн кампанит ажлыг албан ёсоор эхлүүлэх юм. 12-р сард явагдахаар товлогдоод байгаа урьдчилсан сонгуулийн үр дүн Их Британи Европын холбооноос гарах асуудалд шийдвэрлэх нөлөөг үзүүлэхээр байгаа юм. 

12-р сарын 12-нд явагдах бүх нийтийн сонгуулиар Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Консерватив намыг олонхийн суудалтай болгохын төлөө ажиллаж байна. Хэрэв ерөнхий сайдын нам парламентад олонх болсон тохиолдолд Борис Жонсоны засгийн газрын боловсруулаад байгаа Их Британи Европын холбооноос гарах асуудлаарх хэлэлцээ саадгүй урагшлах боломж бүрдэнэ. Борис Жонсон Европын холбоотой аль хэдийн хэлэлцээрт хүрээд байгаа ч түүний боловсруулсан гэрээ парламент дээр гацаанд ороод байсан юм.

Хэрэв Хөдөлмөрийн нам олонхийн суудлыг авах юм бол Их Британи Европын холбооноос одоогийн төлөвлөгөөнд эрс өөрчлөлт орж магадгүй байна. Хөдөлмөрийн нам ялбал “Brexit”-ийн асуудлаар Европын холбоотой хэлэлцээ хийх үйл явц дахин эхэлж, мөн бүх нийтийн санал хураалт ч явагдаж болзошгүй юм. Үүнээс гадна Их Британийн Шотландын Үндэсний нам болон  Либерал Ардчилсан намууд Европын холбоонд үлдэх байр суурьтай байна.

“Brexit” намын зүгээс ямар гэрээ хэлэлцэлгүй Европын холбооноос гарах ёстой гэсэн байр суурийг баримталдаг юм. Энэ хооронд YouGov гэх судалгааны байгууллагын явуулсан санал асуулгаар Консерватив нам  Хөдөлмөрийн намаас 12 оноогоор илүү байжээ.  Гэхдээ урьдчилсан сонгуулийн үр дүнг  таамаглахад эрт байгаагаас гадна сонгуулийн үр дүн судалгааны байгууллагуудын тооцоолж байснаас тэс өөр гарах тохиолдол ч байдаг юм. 

2017 оны бүх нийтийн сонгуулиар Консерватив нам үнэмлэхүй ялалт байгуулах урьдчилсан судалгааны үр дүнд харуулж байсан ч ялагдал хүлээж байсан юм. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британид өнөөдөр парламентыг тарааж, сонгуулийн кампанит ажлыг эхлүүлнэ  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй