Шууд Chart

АНУ Парисын хэлэлцээнээс гарах үйл явцыг эхлүүллээ

2019-11-06 16:32:04

АНУ Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх  Парисын хэлэлцээнээс гарах үйл явцыг  эхлүүлж байгаагаа зарлаад байна.  Харин Вашингтоны энэ үйлдэлд  дэлхийн олон орон шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлжээ.

АНУ Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хэлэлцээнээс гарна гэдгээ НҮБ-д мэдэгдэж, энэ үйл явц нэг жилийн турш үргэлжилнэ гэдгийг мэдэгдээд байна. Америкийн ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа тус хэлэлцээ шударга бус санхүүгийн дарамтыг үзүүлж байна гэж тайлбарлажээ. Парис хотод байгуулсан хэлэлцээнд 188 орон нэгдээд байгаа юм. 2015 онд байгуулагдсан Парисын хэлэлцээнд зааснаар улс орнууд дэлхийн дулаарлыг 2 цельсээс хэтрүүлэхгүй байх зорилтыг тавиад байгаа юм. Энэ зорилгод хүрэхийн тулд улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа  эрс бууруулах шаардлагатай болоод байгаа нь эдийн засагт дарамт үзүүлж байна.   

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээнээс гарах цагаан ордны шийдвэрт олон улс орны удирдагчид харуусч буйгаа илэрхийлснээс гадна Америкийн байгууллага, бизнесийнхэн хүртэл эсэргүүцлээ илэрхийлжээ. Америкийн одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн компанит ажлынхаа үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлэлцээнээс гарна гэж анх удаагаа мэдэгдэж байсан юм.

Цагаан ордны тэргүүн Парисын хэлэлцээ Хятад тэргүүнтэй хүлэмжийн хий их хэмжээгээр ялгаруулдаг зарим оронд давуу талыг олгож, харин АНУ-д сөргөөр нөлөө үзүүлж байна гэсэн байр суурьтай байна. Тэрээр Парисын хэлэлцээнээс үүдэн Америкийн эдийн засгийн бүтээмж 3 триллион ам.долларын алдагдалд орохоос гадна ажлын байр 6.5 саяар буурна  гэсэн тооцоолол гаргаад байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Парисын хэлэлцээнээс гарах үйл явцыг эхлүүллээ  
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй