Шууд Chart

Арван нэгэн мянга гаруй эрдэмтэн уур амьсгалын өөрчлөлтийн талаар сэрэмжлүүллээ

2019-11-06 16:40:03

Дэлхийн 150 гаруй орны эрдэмтдийн боловсруулсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх тайлан мэдээ гарсан байна. Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байгаад ихээхэн шүүмжлэлтэй ханджээ. 

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хамгийн сүүлийн үеийн судалгааны тайлан мэдээлэл “BioScience” гэх шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдээд байна. Дэлхийн 150 гаруй орны эрдэмтэн судлаачдын бүтээл, үзэл бодлыг тусгасан энэхүү тайланд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад тансаг хэрэглээнд зарцуулж байгаа хөрөнгөнөөс илүү зардлыг гаргахад хүрч магадгүй байгааг илэрхийлсэн байна. 11 000 гаруй эрдэмтдийн үзэл бодлыг нэгтгэсэн энэхүү тайланд “хэрэв хүн төрөлхтөн өнөөгийн хандлагаа өөрчлөхгүй бол төсөөлөхөд ч бэрх сорилтуудтай тулгарах”-аар байгааг анхааруулжээ.

Эрдэмтэд үүнийг мэдээлэх нь тэдний үүрэг, хариуцлага гэдгийг онцолсон байна. Ер нь хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямралаас зугтахыг хүсвэл ямар арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй байгаа талаарх зөвлөмжийг тайланд тусгасан байна. Үүнд  нүүрсний хэрэглээг бууруулах, хүлэмжийн хий ялгаруулж байгаа эд  материал болон техник хэрэгслээс татгалзах, махны хэрэглээг багасгах, байгаль экологийн нөхөн сэргээлтийг явуулах болон нүүрстөрөгчөөс ангид эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн боловсролыг нэмэгдүүлэх гэсэн зөвлөгөө багтжээ.

Олон мянган эрдэмтэн дэлхийн дулаарлын асуудлаар анх удаагаа санаа бодлоо илэрхийлж байгаа нь энэ биш юм. Үүнээс өмнө 2017 онд 184 оны 16000 гаруй эрдэмтэн судлаачид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар санаа зовниж байгаагаа илэрхийлж байсан. Олон улсын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой яриа хэлэлцээ эхэлснээс хойш 40 жил өнгөрөөд байгаа ч хийж хэрэгжүүлсэн ажил тун ховор байгааг эрдэмтэд анхааруулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Арван нэгэн мянга гаруй эрдэмтэн уур амьсгалын өөрчлөлтийн талаар сэрэмжлүүллээ  
Үзсэн: 96 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй