Шууд Chart

Персийн буланд олон улсын тэнгисийн цэргийн сургуулилт явагдаж байна

2019-11-06 16:46:41

Персийн буланд АНУ удирдаж байгаа олон улсын тэнгисийн цэргийн сургуулилт явагдаж байна. Сүүлийн үед Персийн булангаар зорчиж буй газрын тос тээвэрлэгч усан онгоцнууд халдлагад өртөх явдал түгээмэл гарч байгаа нь усан цэргийн энэхүү сургуулилтыг явуулах нэг шалтгаан болсон байна.

Энэхүү сургуулилтын гол зорилго нь Персийн булангаар дайран өнгөрч байгаа газрын тос тээвэрлэгч усан онгоцнуудын аюулгүй байдлыг хангах юм. Өнгөрсөн 10-р сард Олон улсын Тэнгисийн цэргийн энэ сургуулилт эхэлснээс хойш  50 гаруй орны усан флот оролцоод байгаа юм. Тогтмол явагдаж байгаа  Персийн булан дахь сургуулилтыг сурвалжлах боломж өнгөрсөн лхагва гарагт  хэвлэлийнхний өмнө нээлттэй байж. Японы Өөрийгөө Хамгаалах хүчин, АНУ болон Францын усан цэргүүд эдгээр өдрүүдэд сургуулилтад хамрагдаж байна.

Японы усан флотын офицер янз бүрийн орноос ирсэн армийн албан хаагчид Персийн булангаар аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нэг зорилгын доор нэгдэн ажиллаж байгааг онцолжээ. Харин ажиглагчдын зүгээс АНУ Персийн булангийн аюулгүй байдалд анхаарал хандуулж байгаа нь  Хормузын хоолойгоор зорчиж байсан газрын тос тээвэрлэгч онгоцнууд халдлагад өртсөн үйл явдалтай холбоотой гэж үзэж байна. Эдгээр халдлагад АНУ Ираныг буруутгаж байсан юм. Үүнээс гадна Вашингтон Персийн булангаар зорчдог арилжааны усан онгоцнуудын аюулгүй байдлыг хангах олон улсын эвслийг байгуулах санал гаргасан ч энэ эвсэлд нэгдэх саналаа зургаан орон л ирүүлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Персийн буланд олон улсын тэнгисийн цэргийн сургуулилт явагдаж байна  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй