Шууд Chart

Польшийн иргэд АНУ-д 90 хоног хүртэл визгүй зорчино

2019-11-07 13:52:05

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны мэдээлснээр Польш улсын иргэд энэ сарын 11-нээс эхлэн АНУ-д нэвтрэх зөвшөөрөл хүссэн өргөдөл өгсөн нөхцөлд энэ улсад 90 хоног хүртэл визгүйгээр зорчих юм байна.

Польш улсыг АНУ-ын виз цуцлах хөтөлбөрт оруулсан нь “Хоёр улсын онцгой харилцааг нотолж байгаа юм” гэж АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны төлөөлөгч мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сар гаруйн өмнө Польшийг АНУ-ын тусгай хөтөлбөрт оруулахыг зөвшөөрч байгаагаа зарласан. Ингээд Дотоод аюулгүй байдлын яам дэмжсэнээр энэ шийдвэр хэрэгжихээр болж байна.

Энэ хөтөлбөр нь оролцогч орнуудын иргэдийг бизнес, эсвэл аялал жуулчлалын зорилготойгоор 90 хүртэл хоногоор визгүй зорчихыг зөвшөөрдөг. Хөтөлбөрт хамрагдахын тулд тухайн улсын иргэдэд АНУ-ын виз олгохоос татгалзсан тоо нийт мэдүүлгийн гурван хувиас бага байх ёстой гэж заадаг байна. Польш улс энэ шалгуурыг бүрэн хангажээ.

АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп Америкийн цэргүүдийг Польшид байршуулахаар болсон юм. Хариуд нь Польшийн Засгийн газраас америк цэргүүдийг байрлуулах объектуудын барилгын ажлыг бүрэн хариуцна. Энэ дагуу Польш улс Америкийн хуягт танкны дивизийг байршуулах дэд бүтцийн ажилд хоёр тэрбум ам.доллар гаргахад бэлэн гэдгээ илэрхийлсэн тухай хэвлэлүүдээр мэдээлжээ.

Америкийн цэргүүд НАТО-гийн зүүн хилийг бэхжүүлэх стратегийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Польшид байрлаж байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Польшийн иргэд АНУ-д 90 хоног хүртэл визгүй зорчино   
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй