Шууд Chart

Энхийг сахиулагчид "Данкон" тэмцээнд түрүүллээ

2019-11-08 09:47:11

Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-ын нийслэл Жуба хотноо энэ сарын 2-нд болсон “Данкон” маршийн тэмцээнд 28 орны 280 тамирчнаас хол тасархай түрүүлж бахдам амжилт гаргасан тухай ЗХЖШ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Тодруулбал, эхний гурван байрыг эрэгтэйчүүдийн төрөлд хамгаалалтын ротын ахлагч М.Сауржан, Н.Бямбацогт, мотобуудлагын ротын дэд ахлагч Б.Ананд нар эзэлжээ. Дөрөвдүгээр байрт Энэтхэг тамирчин орсон ч удаах 5-12 дугаар байрыг дан Монгол Улсын энхийг сахиулагчид эзэлсэн байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд хамгаалалтын ротын дэд ахлагч Э.Ариунзул тэргүүн байрт, цэргийн цагдаагийн ахлагч А.Довчмаа дэд байрт шалгарчээ.

Цэргийн алба хаагчдын сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг сорьдог уг тэмцээнд оролцогчид 25 километр замыг 10 кг ачаатай туулсан. Анх 1972 оноос эхлэн Дани Улсын Батлан хамгаалах яамнаас “Данкон” маршийн тэмцээнийг гадаадын цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулж ирсэн уламжлалтай аж.

Ахмад Б.Цээноров дасгалжуулагчтай манай баг тамирчид энэ удаагийн “Данкон” маршийн өнгийг тодорхойлон эх орныхоо, тэр тусмаа монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, хурд хүчийг орон орны цэнхэр дуулгатан дайчдад харуулж чадсан байна.

Ташрамд дурдахад, өнгөрсөн жил Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн, Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн цэргийн багийнхан “Данкон" маршийн тэмцээнд 20 гаруй орны 300 гаруй цэргийн алба хаагчаас эхний 40 байрыг дангаар нь эзэлсэн сайхан мэдээ байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Энхийг сахиулагчид "Данкон" тэмцээнд түрүүллээ  
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй