Шууд Chart

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

2019-11-09 06:57:33

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. 

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. УИХ-ын даргын 2019 оны 217 дугаар захирамжаар төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажилласан юм.

Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, дараах санал, дүгнэлтийг гаргажээ. 

1. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.0 хувь, нийт зарлагыг 13 их наяд 872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь байхаар тооцсон байна. Ингэснээр төсвийн алдагдал 2 их наяд 74.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар тооцоолсон байна.

2. 2020 онд Төсвийн тогтворжуулалтын санд 125.2 тэрбум төгрөгийг, Ирээдүйн өв санд 976.9 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэхээр тооцжээ.

3. 2020 оны төсвийн жилд бүх төрлийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд 168.1 тэрбум төгрөгийг, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 8 хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Энэ бодлогын хүрээнд бүх төрлийн тэтгэвэр авагч, төрийн албан хаагч иргэдийн бодит орлого нэмэгдэнэ хэмээн үзсэн болохыг Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдав. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор төсөлд тооцсон байгаа тул Улсын Их Хурал энэ бодлогыг бүрэн дэмжиж, холбогдох шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооноос нэгдсэн хуралдаанд танилцуулав. Ажлын хэсэгт болон Төсвийн байнгын хороонд УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас 2020 оны төсвийн жилд санхүүжилт шаардагдах хөтөлбөрийн болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэх саналуудыг ирүүлснийг ажлын хэсэг судалж ажилласан байна.

Ажлын хэсгээс 2020 оны төсвийн жилд зайлшгүй санхүүжүүлж хэрэгжүүлэх зарим хөтөлбөрийн болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэх болон бууруулах саналуудыг Байнгын хороонд танилцуулсныг Байнгын хороо хэлэлцэж, ажлын хэсгийн санал нэг бүрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагчдын хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай зарим урсгал зардлын төлөвлөсөн төсөв хүрэлцэхгүй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал бий болоод байгаа тул зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзээд нийт 89,767.5 сая төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлэхийг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, орон нутагт хэрэгжих хөрөнгө оруулалтын төлөвлөлт харилцан адилгүй төлөвлөгдсөн байдал, түүнчлэн хүн амын өсөлттэй уялдуулан Нийслэл хотын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж, хуулийн төслийн 2 дугаар хавсралтад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэн, төсөвт өртөг болон санхүүжүүлэх дүнг нэмэгдүүлэх, бууруулах, төслөөс хасах, шинээр нэмэх зэрэг өөрчлөлтүүдийг хийснээр төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжүүлэх дүнг нийт 281,317.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Дээр дурдсан хөтөлбөр, арга хэмжээнд шаардагдах нэмэлт зардлын эх үүсвэрийг төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцын зарим ангилалд тусгагдсан урсгал зардлыг өнгөрсөн оны түвшинд барьж бууруулах, мөн он дамжин хэрэгжиж байгаа, 2021 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой, 2019 оны төсвийн жилд хэрэгжилт, гүйцэтгэл удаашралтай байгаа төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжүүлэх дүнг бууруулах, Сангийн сайдын багцад тусгагдсан эргэж төлөгдөх зээл болон гадаад зээл тусламжаас санхүүжих зардлыг бууруулан гаргах нь зүйтэй гэж үзсэн болохыг Д.Тогтохсүрэн танилцуулгадаа дурдсан. 

Дараа нь УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хуулийн төслүүдийн талаар тус зөвлөлөөс гаргасан санал, дүгнэлтийг танилцуулсан юм. Тус санал, дүгнэлтийн эхэнд Монгол Улсын ядуурлын судалгааны дүнг дурдсан бөгөөд татварын оновчгүй бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг зөв удирдахгүй байгааг, ажилгүйдлийн түвшин 9.7 хувьд хүрснийг шүүмжилсэн. Түүнчлэн тооцоо судалгаагүй төсвийн орлого, төсвийн зарлагын хэт тэлэлт, төсвийн алдагдалын талаар санал, дүгнэлтэд дурдаж, тооцоогүй хөрөнгө оруулалтыг шүүмжилсэн. Засгийн газрын гадаад өрийн төлөлтийн талаар сануулж, тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцэлж, оновчтой зохион байгуулан, санхүүжилт, зарцуулалтыг ил тод болгон олон нийтийн оролцоог ханган, эдийн засгийн нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх шаардлагын талаар дурдаж байв. 

Ингээд Төсвийн байнгын хорооноос бэлтгэн танилцуулсан саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Сангийн сайдын төсвийн багцын моргейжийн хөтөлбөрийн санхүүжилтийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 60,000.0 сая төгрөгөөр, Сангийн сайдын төсвийн багцын эргэж төлөгдөх зээлийг 98,700.0 сая төгрөгөөр, Сангийн сайдын төсвийн багцын гадаад зээл тусламжаас санхүүжих зардлыг 100,000.0 сая төгрөгөөр, 2019 оны хэрэгжилт, гүйцэтгэлтэй уялдуулан улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд үргэлжлэн санхүүжих 35 төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг саналын томьёоллын хавсралт 6-д тусгагдсанаар буюу 111,084.8 сая төгрөгөөр, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын “Эрүүл шүд хөтөлбөр”-ийн зардлыг 2019 оны түвшинд хэвээр хадгалж 5,300.0 сая төгрөгөөр тус тус бууруулж, энэ дүнгээр бууруулсан эх үүсвэр болох нийт 375,084.8 сая төгрөгөөр 2020 онд зарим хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаарх зардал нэмэгдүүлэх Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь нь дэмжсэн юм. Түүнчлэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнд нөлөөлөхгүй зохицуулалт хийхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ. Ажлын хэсгээс гаргасан “Барилга, хот байгуулалтын сайдын багц дахь төслийн 2 дугаар хавсралтын ХI.1.31-д тусгагдсан “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ гэсэн төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон 2020 онд санхүүжих дүнг тус тус 6,455.5 сая төгрөгөөр бууруулж, уг эх үүсвэрээр урд онуудад хэрэгжиж эхэлсэн, 2021 оны төсөвт ачаалал үүсгэхгүй, саналын томьёоллын хавсралт 5-д тусгагдсан 22,027.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2020 онд 6,455.5 сая төгрөгөөр санхүүжих, нийт 7 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тооцож, хуулийн төслийн 2 дугаар хавсралтын Барилга, хот байгуулалтын сайдын багцад нэмж тусгах” гэсэн саналыг Төсвийн байнгын хороо дэмжсэн. Уг саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ийнхүү Төсвийн байнгын хорооны дэмжсэн зарчмын бусад санал болон тус Байнгын хорооны дэмжээгүй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 


Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй